Ираны охидын хөлбөмбөгийн баг залуучуудын олимпод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Ираны охидын хөлбөмбөгийн баг залуучуудын олимпод оролцохгүй

Ираны охидын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх наймдугаар сард Сингапурт
болох залуучуудын анхдугаар олимпийн наадамд оролцох боломжгүй ажээ.
Учир нь лалын шашны ёс жаягийн дагуу тэдний толгойдоо ороодог хижаб гэх
алчуур FIFA-гийн дүрэмд харшилж байгаа юм.Харин Ираны охидын багийн оронд Тайландын шигшээ багийн тамирчид залуучуудын олимпийн наадамд оролцох болсон талаар Азийн хөлбөмбөгийн холбооноос мэдэгдлээ.
Лалын шашинтай охид, бүсгүйчүүдийн толгойдоо ороодог хижаб алчуур нь FIFA-гийн дүрэмд заасан талбай дээрх зөвшөөрөгдсөн нэмэлт хэрэгслийн тоонд багтаагүй юм. Уг асуудалтай холбоотойгоор Ираны олимпийн хорооноос FIFA болон Олон улсын олимпийн хороонд хандаж, уг хоригийг цуцалж, асуудлыг нааштай шийдэж өгөхийг хүссэн байна. Гэвч FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жероми Валке Ираны олимпийн хорооноос ирүүлсэн хүсэлтийг хүлээж аваагүй ба тус улсын хөлбөмбөгийн холбоонд бичгээр хариу илгээж, FIFA-гийн удирдах зөвлөлд энэ шийдвэрээс өөр ямар ч сонголт байхгүй гэдгийг мэдэгджээ. FIFA-гийн зайлшгүй мөрдөх дүрэмд талбай дээрх тоглогчийн нэмэлт хэрэгсэл, өмсгөлийн талаар тусгайлан зааж өгсөн байдаг ба үүнд “талбай дээр зайлшгүй байх ёстой хэрэгсэл нь ямар нэг улс төрийн, шашны эсвэл хувийн чанартай зүйлс байж болохгүй” хэмээн заасан байдаг ажээ.
Сингапурт болох залуучуудын анхдугаар олимпийн наадам наймдугаар сарын 12-25-ны өдрүүдэд болох ба 14-18 насны 3600 гаруй залуу тамирчид спортын 26 төрөлд өрсөлдөх юм. Харин охидын хөлбөмбөгийн ангилалд зургаан улсын баг тамирчид оролцох ба Ираныг орлож, Тайландын охидын баг Ази тивийг төлөөлөн Турк, Гвиней, Тринидад ба Тобаго, Чили болон Папуа шинэ Гвиней нартай өрсөлдөх юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж