Талбайн теннисний энэ оны гурав дахь “Их дуулга” болох “Уимлбдон” Их Британы Лондон хотноо үргэлжилж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн гуравдугаар тойрог буюу 1/32-т өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ. Шилдгүүдээс Их Британы Энди Маррей, Францын Жо Уильфред Цонга, Испанийн Рафаэль Надаль, Японы Кей Нишикори нарын шилдгүүд үлдээд байна. Өнөөдрөөс нөгөө хэсгийн тоглолтууд болж, шилдэг 32 теннисчин бүрэн тодрох юм.
Эрчүүдээс тус тэмцээнд тавд эрэмбэлэгдсэн Швейцарын Стан Вавринка эхний тойрогт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний хувьд “Уимблдон”-д түрүүлж чадаагүй байгаа бөгөөд бусад гурван “Их дуулга”-д аваргын цомыг өргөсөн юм.
Албан бус дэлхийн аварга гэгддэг “Уимблдон” энэ сарын 16-ны өдөр өндөрлөнө.
Ч.БОЛОР