Цагдаагийн Ерөнхий Газраас Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж, ямар зохицуулалт хийж, наадамчдын журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллага өнөөдрөөс /2017.07.06/ эхлэн наадам дуустал өндөржүүлсэн байдал зарлаж, нийт 398 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах аж. Байнгын ажиллагаатай гурван постыг ажиллуулна. Мөн зөөврийн камеруудын суурилуулжээ. Хяналтын постууд нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байрлана. Мөн Долдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах 720 замын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж.
Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлийг маргаашаас /2017.07.07/ эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдах ба иргэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ойролцоох 7 төрлийн зогсоолын эрхээс сонгон худалдаж авах нь нээлттэй. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Тиймээс жолооч нар авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстойг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.
“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
Хүй долоо худагт:
Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.
Төв цэнгэлдэхийн орчмоос 400 такси иргэдэд үйлчилнэ
Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын буюу Хурд хорооллын урд зогсоол, МҮХАҮТ-ын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд хүргэнэ.
Иргэдийг 1000 төгрөгөөр Хүй долоон худаг руу автобуснууд тээвэрлэнэ
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 649, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх бөгөөд 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон”-ны зогсоолуудаас тус бүр 4 бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.
Дүнжингарав, “Мишээл экспо”-гийн зогсоолоос цэнгэлдэх рүү автобус үнэгүй үйлчилнэ
Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт 3 автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
Соёолонгийн уралдаан эхлэхэд Хүй долоо худаг хүртэлх замыг нэг урсгалтай болгоно
Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Д.УУДАМ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ