“2030 он гэхэд дэлхийн зах зээл дэх худалдаанд буй автомашины 80 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болно” гэж шинжээчид таамаглажээ.
2019 оноос эхлэн “Volvo” компани бүх автомашинаа цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй болгоно гэж “Los Angeles Times” мэдээлэв. Ингэснээр тус компани уламжлалт хөдөлгүүрээс татгалзсан дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч болох боломжтой. Тэд цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа нэг сая ам.доллараар худалдаалах ажээ.
Хятадын “Geely” компани 2010 онд “Volvo”-г худалдаж авсныхаа дараа компанийн бүх хүчин чадлыг цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхэд чиглүүлжээ. БНХАУ бол цахилгаан хөдөлгүүртэй автомашины дэлхийн том зах зээл, харин “Geely” нь дэлхийн зах зээлд хоёрт бичигддэг, АНУ-д бүтээгдэхүүнээ борлуулдаг Хятадын цорын ганц компани юм.
Өнөөдрийн байдлаар, цахилгаан хөдөлгүүртэй автомашины зах зээл харьцангуй бага байгаа ч цаашид түүний эрэлт нэмэгдэнэ гэж шинжээчид итгэлтэй хэлж байна.
2016 онд худалдаалагдсан автомашины нэг хувийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзэлж байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар цахилгаан хөдөлгүүртэй автомашины худалдаа 40 хувиар нэмэгджээ.
Хэрвээ энэ эрэлт 2030 он хүртэл хадгалагдах юм бол зах зээл дээр худалдаанд буй бүх автомашины 80 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болох болно гэж тэд үзэж байна.
Бэлтгэсэн: Ц.УРАН