БНАСАУ хоёр хоногийн өмнө долдугаар сарын 4-нд цөмийн пуужингийн туршилтыг хийсэнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йорк хотноо өчигдөр нээлттэй хуралдлаа. Хуралдаанд оролцсон бүх улс Хойд Солонгосын үйлдлийг буруутгасан төдийгүй АНУ тэргүүтэй ихэнх улс Хойд Солонгосын эсрэг авсан хоригийг улам чангатгах байр суурьтай байгаа илэрхийллээ. Тэр дундаа АНУ шаардлагатай бол цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Харин ОХУ БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ үр дүнгүй байгааг хэлсэн байна. Бүс нутагт үссэн хурцадмал байдлыг намжаахад бүх талын оролцоо чухал байгаа Хятад болон ОХУ илэрхийлжээ.
Хурлын эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мирослав Йенц Ходй Солонгосын пуужингийн сүүлийн туршилтын талаар товч танилцуулсан байна. Уг танилцуулгад дурдсанаар БНАСАУ нь “Хвасон-14” гэсэн пуужинг туршсан бөгөөд хэд хэдэн эх сурвалжийн мэдээгээр энэхүү пуужингийн туулах чадвар нь 6700 км хүрсэнийг онцлоод энэ үйлдэл нь нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, олон улс орныг түгшүүртэй байдалд хүргэж байна гэлээ.
НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч хатагтай Никки Хейлигийн мэдэгдсэнээр Хойд Солонгосын бодлогод нөлөөлөхийн тулд АНУ бүх арга хэрэгслийг ашиглахад бэлэн, тэр дундаа цэргийн хүч ашиглахад бэлэн гэдгийг мэдэгджээ. Гэхдээ АНУ цэргийн хүч хэрэглэхийг эн түрүүнд бодохгүй байгаа гэв. “Асуудлыг шийдэх өөр олон арга АНУ-д бий, тухайлбал, худалдааны салбарт. Хойд Солонгосын эсрэг авсан хоригийг чангатгах ёстой, үүн дээр нэмээд Хойд Солонгостой эдийн засгийн харилцаа холбоотой байгаа улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой, тухайлбал, БНХАУ” хэмээн Никки Хейли хэлжээ.
Энэ асуудлаар АНУ ойрын өдрүүдэд тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа Никки Хейли хэлээд “Хэн нэг нь тогтоолын төслийг удаашруулах, царцаахыг оролдохыг бид тэвчихгүй” гэжээ.
БНАСАУ баримталж байгаа байр суурь бодлогоо өөрчлөх ёстой гэдэг дохиог ойлгомжтой өгөх шинэ тогтоол батлах ёстой гэсэн байр суурийг Японы төлөөлөгч илэрхийлсэн юм. Үүнтэй төстэй байр суурийг Франц, Их Британи зэрэг улс мөн илэрхийлжээ.
Цэргийн хүч хэрэглэх асуудал байж болохгүй гэсэн байр суурийг ОХУ илэрхийллээ. Мөн энэ бүс нутагт АНУ-ын зүгээс пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг байршуулж байгаа нь бүс нутгийн зөрчлийг шийдэхэд нэмэр болохгүй гэдгийг бас ОХУ илэрхийллээ. Эдийн засгийн хориг арга хэмжээг ч ОХУ дэмжихгүй гэлээ. “Хэдэн сая солонгос иргэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байхад эдийн засгийн хувьд боомилох үр дүнгүй, асуудлыг шийдэхгүй, харин ч бүүр буланд шахах болно” хэмээн ОХУ-ын НҮБ дахь төлөөлөгч Сафронков хэллээ.
THAAD систем бүс нутгийн байдлыг хурцатгаж байгааг, бас цэргийн хүч хэрэглэх оновчтой хувилбар биш гэдгийг Хятадын төлөөлөгч Лю Зеи мөн илэрхийллээ.
А.ТУЛГА