Баячуудын зодоонд барлагууд л үрэгддэг

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Баячуудын зодоонд барлагууд л үрэгддэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Сүүлийн хоёр сар монголчууд ажил амьдралаа сонгуульд зориуллаа. Нийгмийн уур бухимдал, улстөржилт дээд цэгтээ хүрэв. С.Ганбаатарын 30.19 хувийн санал дээр намууд “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч л болж байна. 

Сонгууль болгоноор намууд элдвийн амлалт өгдөг, гэхдээ энэ удаагийнх шиг эдийн засгаараа туг тахиж байсангүй. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр тодрох гэсэн нэр дэвшигчдийн “зодоон” оргил цэгтээ хүрч, эдийн засаг, улс орноо ч самарч эхэллээ. Хохирогч нь, харамсалтай нь тэд биш бид. Тэд амлаж, бид зовлонг нь үүрдэг. Тэд аахилж, бид янцагладаг. Баячуудын зодоонд барлагууд л үрэгддэг.

АН, МАН-ынхны амлалтын золиос нь ард түмэн болдог, эдийн засгийн хямралын эрсдэлийг үүрсээр ирсэн. Гэвч, алаагүй баавгайн арьсыг нөмөрч, алгаа тосоод гүйнэ гэж ард түмнээрээ хэдий болтол доог тохуу хийх гэсэн юм бэ дээ, АН, МАН-ынхан минь. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Намууд нь хашраагүй гэхнээ иргэд ядаж хаширч ханаа байлгүй.

Өчигдөрхөн 2360 хүрч байсан ам.доллар өнөөдөр 2400 хүрчээ. Энэ бол өнгөрсөн хоёр хоногт өрсөлдөгчөөсөө өрсөж, уралдсан намуудын амлалтыг эдийн засаг даахгүй болсны эхний дохио. Энэ байдлаараа бол Монголын хямрал одоо л жинхнээсээ эхэлнэ. Хэрэвзээ иргэн бүрийнхээ өрийг тэглээд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг зоргоороо тараах юм бол шүү дээ. Тэр тусмаа төрд очсон, улс төрийн улаан хэрүүлийн сэдэв болсон  ‘Эрдэнэт’-ийн 49 хувийг нь олон улсад арилжлаа гээд  авах хөрөнгө оруулагч олдох уу. ‘Эрдэнэт’-ийг 100 хувь төрд авах тогтоолыг УИХ-аас гаргаснаас  хойш тус үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, дампуурлын ирмэгт оччихоод байгааг хэлэхэд буруудахгүй биз. 

Төсвийн тухай хуулиа зөрчөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар гаргасан АН-ын алдааг давтах шаардлага байсан уу гэж Ардын намынхнаас асуумаар байна. Үнэндээ өнгөрсөн хугацаанд эрх баригчид “илбэчин” аятай л “хүүхдийн мөнгө өгнө, өгөхгүй” гэж ядарсан иргэдийнхээ сэтгэлээр яасан их тоглов доо.

Монголбанкны мэдээлснээр банкны нийт зээлийн багц 12.4 их наяд төгрөг, үүнээс иргэдийн зээлийн дүн 5.8 их наяд гэвэл энэ нь Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэхүйц зээл гэсэн үг. Үүнийг төлөх боломж хямарсан эдийн засагт байгаа бил үү. Таван сарын дараагаас Монгол Улс “Чингис” бондын 500 сая ам.долларыг буцааж төлнө. Энэ мөнгийг хаанаас олох вэ гэж эрх баригчид толгойгоо гашилгаж суухад иргэдийн өрийг дарна гэдэг бүр үлгэрийн далай. Монгол Улс авдрынхаа ёроолын ухаад ч атга гурилгүй шахуу болчихсон байж шүү дээ. 

Эрдэнэт”-ийн наймаа хоёр сонгуулийг дамжсан том хэрүүлийн сэдэв болжээ. УИХ-ын тогтоолын зөв бурууг шүүхээс шийдээгүй байхад хувийн өмчид байсан 49 хувийг нь дээрэмдэж авчихаад иргэддээ тараана гэдэг “Эрдэнэт”-ийг дампууруулна гэсэн үг. Өөрсдийг нь сүүгээрээ тэжээдэг байсан үнээгээ алаад идчихдэг өвгөний тухай үлгэр байдаг даа. Энэ үлгэр шиг болохыг хүсээгүй байлтай.

Тэгээд ч өмнө нь Монголын төр “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэддээ өмчлүүлээд эцэстээ юу болж дуусч байгааг хар л даа. Иргэдийнх нь хувьцаа ч амилсан юмгүй, “Эрдэнэс Тавантолгой” ч хөгжсөн юм алга. Улсаараа хувьцаат компани болоод, төсвөө тэжээдэг үндэсний ганц үйлдвэрээ дампууруулчихаад, цалин тэтгэврээ тавих гэж гаднаас өр тавих уу. Тэр тусмаа энэхүү маргаантай асуудлыг шүүх эцэслэн шийдээгүй байхад хууль зөрчөөд иргэдэд хувьцаа болгож тараавал  Монголын төрд итгэх хөрөнгө оруулагч олдохгүй. Монголчуудтай хэн ч наймаа хийхгүй.

Монголчууд хэдийгээр бусдын юм, үнэгүй зүйлд нугасгүй дуртай ч, өр зээлээ төр засгаараа даруулаад, бусдын өмчийг булааж аваад баяжих ёсгүйг ойлгохтойгоо болсон. Учир нь, төрийн оролцоогүйгээр баяжих, хөгжих, хөдөлмөрлөх боломж, бололцоог бүрдүүлэхийг л өнөөдрийн улстөрчид, намуудаас нэхэж буй. Өнөөдөр олон хүн үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдгийг мэддэг болсоон, АН, МАН-ынхан минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж