БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Уг нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр Ардчилсан намын даргатай уулзаж, өнөөдөр 11.00 цагт бүлгээ хуралдуулж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн байсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Байнгын хорооны гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны гишүүн, хурандаа генерал Во Чонг Вьет тэргүүтэй БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, “Вьетнам Улс бол Зүүн өмнөд Ази дахь манай уламжлалт найрсаг харилцаатай сайн түншийн нэг. Хоёр орны хооронд бүхий л салбарын, түүний дотор улс төрийн болон парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байна. Таны энэ удаагийн айлчлал ч хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь дамжиггүй. Парламентын гишүүд харилцан айлчилж, хамтын ажиллагааг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар байнга санал солилцож байгаа. Тамгын газар хоорондын харилцаа ч сайн байна. Энэ харилцааг улам идэвхжүүлэхэд хоёр орны парламент дахь найрамдлын бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглээд, Засгийн газар, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг УИХ бүрэн дэмжиж ажиллах болно гэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Во Чонг Вьет-д хандан “Та өөрийн хариуцдаг Аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хүрээний харилцааг цаашид өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Ноён Во Чонг Вьет цаг зав гарган хүлээж авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Дайны хүнд хэцүү жилүүд болон энхийн бүтээн байгуулалтын аль ч цаг үед бидэнд байнга тусалж, дэмжиж ирсэнд Монгол Улс, Монголын ард түмэнд вьетнамчууд ямагт талархдаг. Чин сэтгэлийн хүндэтгэл, талархалд суурилсан энэхүү уламжлалыг хойч үедээ өвлүүлэх нь нэн чухал юм” гэж онцоллоо.

Тэрбээр “Манай төр, засаг хоёр орны уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаардаг. Бидний улс төрийн түвшний харилцаа маш сайн байна. Энэ нь бусад харилцаа амжилттай хөгжих онцгой сайн суурь нөхцөл юм. Ер нь улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж, аюулгүй байдал баталгаатай байх нь манай хоёр орны нийтлэг зорилго билээ. Тиймээс Монголын ард түмэнд сайн сайхныг, Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөе. Та бүхэн улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт шинэ шинэ амжилт олох болтугай” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж