Биеийн тамир спортын тухай хуулийн төсөлд бөхчүүдийн авлига, найрааны асуудлыг даваа наймаалцах гэсэн заалтаар зүйлчилсэн нь нүд хуурсан зохицуулалт болно гэж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мэдэгдлээ.
Энэ тухай тэрбээр “Сумын наадамд түрүүлэхэд 5 сая, аймгийн наадамд түрүүлэхэд 50 сая, улсын наадам 500 сая гээд үндэсний бөхөд дархан аварга болтлоо байсан хүн хэлж байна. Хууль бус ажиллагаа хийсээр байгааг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй, хариуцлага тооцож байгаа эсэх нь тодорхойгүй явсаар ирсэн.
Бүхэл бүтэн авлигын асуудал яригдаж байна. Бодитой баримттай асуудал байхад даваа наймаалцаж болохгүй гэдэг заалтаар энэ асуудлыг аргалаад өнгөрөх нь. 50 сая, 500 сая авлига биш үү, ард түмнээ басамжилж байгаа хэрэг биш үү. Энэ авлига яагаад хуульд даваа наймаалцах асуудал болдог юм. Үүнийг авлигын хуулиар зохицуулах шаардлагатай.
Амжилт гаргаж байгаа спортыг дэмжье, энэ чиглэлээр давуу байдал үүсгэснийг дэмжиж байна.
Хууль хэрэгжиж эхлэхэд 300-400 хүний орон тоо нэмэх асуудалд анхаарах ёстой. Өнгөрсөн хугацаанд төрийн алба 30 мянга шахам хүн нэмэгдсэн, дахиад 300-400 хүнээр нэмэх асуудлыг эргэж харах ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сургуулийн спорт заалыг байнга нээлттэй болгох асуудлыг хуульчилж өгөхгүй бол зуны амралт эхлэхээр хаачихаад яваад өгдөг. Улсын хэмжээнд нийт 700 гаруй сургууль бий, бүгд спорт заалтай учраас хүүхэд ороод биеийн тамираар хичээллэх боломжийг олгох ёстой. Нийтийн биеийн тамирт дуртай болгох нь спорт заалтай холбоотой.
Тодорхой цагт нь зардлаа олоод авдаг, хүүхдүүд үнэгүй бэлтгэл хийх боломжоор хангаж өгөх асуудлыг хуульчилж өг. Маш бага зардал гарна. Үүнийг шийдээд явах бололцоотой.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр: Сургуулийн биеийн тамир спортын заалыг суралцагчиддаа төлбөртэй ашиглуулахыг хориглож байгаа.
Байнга нээлттэй байлгах асуудлыг ул суурьтай авч үзэх ёстой. Сургуулиуд нэг хүүхдийн хувьсах зардлаар санхүүжилт авдаг. Зуны хугацаанд хувьсах зардал олгогдохгүй учраас тусгайлан авч үзэх хэрэгтэй болно.
Эцэст нь хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хуулийг баталлаа.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
Г.ДАРЬ