УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав удирдаж байна.
Хуралдаан эхлэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байгаа үед нэр дэвшигч, УИХ-ын дарга нь чуулганы хуралдааныг удирдах нь санал хураалтад нөлөөлж болох талтай учраас дэд дарга нарынхаа нэгээр удирдуулах нь зүйтэй байна, санал хураалгая” гэсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд “Би УИХ-ын дарга болсноосоо хойш цөөнхийнхөө үг, саналыг байнга сонсож, хааж байсан тохиолдол байхгүй. Харин ч цөөнхийн үг, байр суурийг сонсож байх ёстойг олонхидоо хандаж удаа дараа сануулж, ирсэн. Санал хураалгах шаардлагагүй, дэд дарга Ц.Нямдорж ажилтай тул Я.Санжмятав дэд даргаар чуулганыг удирдуулъя гээд суудлаасаа буулаа.
УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын даргад зориулсан ганц л суудал бий. Тэрхүү суудал дээр нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав сууж хурал удирдаж буй учраас УИХ-ын дарга М.Энхболд өрөөнөөсөө хуралдааныг харахаас аргагүй болж байна.
Өмнөх УИХ-ын дарга нар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд хуралдаанаа удирдсаар ирсэн. Харин энэ удаад цоо шинэ харилцаа үүслээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ