Монгол Улсад айлчилж буй БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны дарга Во Чонг Вьет тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар, Н.Оюундарь нар өнөөдөр (2017.07.06) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Д.Цогтбаатар БНСВУ-ын төлөөлөгчдийг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нэгэн жарны түүхтэй гээд “Дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Вьетнамын ард түмэнд сэтгэл санаа, эд материалын тусламж, дэмжлэгийг үзүүлж найрамдалт харилцаагаа бэхжүүлж байсан. Энэ сайхан харилцааг цаашид хадгалж, бэхжүүлэх нь чухал” гэлээ.
Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн чухлыг онцлоод, парламент дахь найрамдлын бүлгүүд, Байнгын хороод хоорондын харилцаа өргөжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хоёр орны бизнесийн эрхлэгчдийг уулзуулах, хамтран ажиллах боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлд Вьетнам Улсын зүгээс дэмжлэг хэрэгтэйг Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ онцолсон юм.
Ноён Во Чонг Вьет Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд дайны хүнд үед Монголын ард түмний үзүүлсэн сэтгэлийн дэм, эд материалын туслалцаа, дэмжлэгийг Вьетнамын ард түмэн үргэлж санаж, талархаж явдаг гэдгийг тэмдэглэн хэллээ.
Тэрбээр “Монгол Улсад асар их байгалийн нөөц бий. Энэ боломжоо ашиглаад хөгжлөө түргэтгэх гарц байгааг хэлмээр байна. Хөгжил дэвшилд тэмүүлэхийн зэрэгцээ байгаль орчноо хайрлан хамгаалах нь нэн чухал. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Ойрын үед манай улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хүрээнд эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн. Энэ нь бизнес эрхлэгчдэд аль алинд нь ашигтай, хохирохгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Хоёр орны бизнес эрхлэгчдийг уулзуулах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд бид анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Төгсгөлд нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.