1. Нээлт, хаалтын тасалбарыг хаанаас авах вэ?
Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдана. Төв цэнгэлдэх хүрээлэн нийт 12 мянга 300 орчим суудалтай. Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулна. Тасалбарын үнийн хувьд долдугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөг.
2. Наадмын үеэр олгодог машины зөвшөөрлийг хаана олгох вэ? Ямар ямар зөвшөөрөл байгаа вэ?
Мөн долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдах ба иргэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн ойролцоох 7 төрлийн зогсоолын эрхээс сонгон худалдаж авах нь нээлттэй.
3. Зөвшөөрөгдсөн автомашины зогсоолууд хаана хаана байгаа вэ?
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.
“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
Хүй долоо худагт:
Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.
4. Наадмын нэгдсэн арга хэмжээ хэзээнээс эхлэх вэ?
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу долдугаар сарын 7-ны баасан гаригт Урианхай сурын харваагаар наадам эхэлнэ. Сурын талбайд болох наадам долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа, долдугаар сарын 9-нд Хүүхдийн сурын харваагаар үргэлжилнэ. Харин долдугаар сарын 10-нд Хүй долоон худагт Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаан болно.
5. Жуулчдад үзүүлэх хөтөлбөр, үзвэр юу байгаа вэ?
Эрийн гурван наадмаас гадна жуулчдын сонирхлыг татах сонирхолтой уралдаан, урлаг соёлын хөтөлбөрүүд бий. Тухайлбал,
Долдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Дээлтэй монгол” наадам
Долдугаар сарын 11-нд Хүй долоон худагт Холч морьдын уралдаан
Долдугаар сарын 10-13-нд Хүй долоон худагт “Сэрсэн тал” Соёлын наадам
Долдугаар сарын 11-13-нд Хүй долоон худагт ”Морьтон Монголчууд” сонгомол морьдын үзүүлэх тоглолт
6. Наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл хэзээ эхлэх вэ?
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэлийг Монголын үндэсний бөхийн холбоо хариуцах ба долдугаар сарын 9, 10-ны өдрийн 10.00-18.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд бүртгэнэ. Үндэсний их баяр наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ. Харин өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хөвгүүдийг долдугаар сарын 8, 9-ний өдрийн 10.00-18.00 цагт бүртгэнэ.
7. Наадмаар цаг агаар ямар байх вэ?
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болон Үндэсний их баяр наадмын өдрүүдийн цаг агаарын ерөнхий төлөвийг мэдээллийг танилцуулж байна.
Долдугаар сарын 8-нд зуун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10-11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хуацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.