Д.Гантулга: Ц-гийн гэрээс өглөө шууд гараад явсан

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Д.Гантулга: Ц-гийн гэрээс өглөө шууд гараад явсан

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон нэр дэвшигчдэд хариуцлага тооцохыг иргэний нийгмийнхэн шаардаж байна.

    УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гэх өөрт нь хамаарах мэдээллийн талаар тайлбар хийлээ. Шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч хохирогч гэх эмэгтэйн эгч гомдолтой байгаагаа илэрхийлж, олон нийтий сүлжээнд хэргийн баримт гэх бичлэг нийтлээд байгаа билээ.


    Д.ГАНТУЛГА:

    -Нэр нь тодорхойгүй хаягнаас нэр ус нь тодорхойгүй мэдээлэл явсаар Д.Гантулга гэдэг хүнтэй холбогдлоо. Хүмүүс надад “Та яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ, үнэхээр буруутай юм уу” гэж их асууж байна. Би орон нутагт ажиллаж байгаад долдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатарт ирсэн. Ингээд өнөөдөр мэдээлэл хийж байна. Өнгө мөнгөнд худалдагддаг иргэд олон болсон байна.

    Тэр асуудлаарх гомдолыг зургадугаар сарын 12-нд гаргасан. Ингээд маргааш нь буюу  зургадугаар сарын 13-ны өдөр гомдлоо татсан юм билээ. Би асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан. Ингээд зургадугаар сарын 21-нд шүүхийн дүгнэлт гарч, энэ хэргийг хэрэгсэх болгож, үндэслэлгүй гэж үзсэн. Би прокурорын байгууллагаас мэдээлэл авах гэсэн боловч өргөдөл өгсөн хүмүүст тайлбар өгөх хуулийн заалттай юм байна лээ. Гомдол гаргагч долоо хоногийн дотор дахин гомдол гаргах эрхтэй байдаг юм байна. Тэр хугацааг нь би хүлээсэн. Одоо тэд дараагийн шатны гомдлоо өгч байгаа гэсэн. Би Х.Баттулгын оффшор дансны талаарх мэдээллийг дэлгэсэнтэй зэрэгцээд надтай холбоотой мэдээлэл Ардчилсан намын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь илэрхий улс төрийн зорилготой гэж харагдаж байна. Ч.Саранзаяатай хамгийн анх эмнэлгийн гадаа уулзахад маш тайван байсан. Гэтэл одоо хэвлэлээр ярьж байгаа тэр хүний хандлага нь “Надад мөнгө өг, дахиад мөнгө өг” гэсэн байдал харуулж байна. Энэ бол шантааж. Би хэн нэгэнд мөнгө өгөх нь бүү хэл, өөрөө орон сууцгүй амьдарч байгаа хүн. Гүтгэлэг даруулахын тулд хэн нэгэнд мөнгө өгөөд явах хүн биш. Ер нь Хан Хэнтийн залуусыг дандаа хүчингийн хэрэгт холбодог. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын жишээгээр та бүхэн мэднэ. Энэ бол танил сценари гэдгийг олон түмэнд ойлгуулж өгөөч.

    Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

    -Хэрэг болсон гээд байгаа тэр өдөр та хаана байсан бэ?

    -Би зургадугаар сарын 11-ний орой “Энканто таун”-ы саунд найзуудтайгаа байсан. Орой нь үргэлжлүүлээд иргэн Ц-гийн гэрт байсан. Маргааш өглөө нь би шууд гараад явсан.

    -Хүчиндүүлсэн гэж яригдаад байгаа охин тэр гэрт байсан уу?

    -Ороход байгаагүй, гарахад байсан. Тэр охин намайг гүтгэсэн гэдгээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байна лээ. Та бүхэн харсан байх. Тэнд болсон процесс зохион байгуулалттай. Энэ асуудлын дундуур улс төрийн нам оролцсон.  

    -Дарамтад оруулж байгаад тэр өргөдлийг өгүүлсөн гэж эгч нь тайлбарласан. Мөн та тэдэнд 20 сая төгрөг өгч байгаа бичлэг цацагдаад байна. Энэ үнэн үү?

    -Зургадугаар сарын 12-ны өглөө Ц-гийн эгч нь “Чамайг цагдаагийн байгууллагад өглөө” гэж ярьсан. Тухайн үед би яагаад ийм зүйл болов гэж асуухаар эгчтэй нь очиж уулзсан. Нэг бол Д.Гантулга хүчиндсэн, үгүй бол гүтгэсэн. Тиймээс би энэ асуудлын эцсийг хүртэл явна. 

    Хэвлэлийн бага хурлын бичлэг үзэх:

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж