Бид биесээ хялам хялам хийж, нэг л ёозгүй зангаар сэжиглэнэ. Ууттай юмандаа түүртэн маажигнах хөгшний хүүдийтэйг дөхүүлэхээр бариад авбал дээрэмдэх нь гэсэн харцтай тулна. Яагаад гэвэл эмээ шигээ хүний цүнхийг дээрэмдэх ичгүүргүй этгээдүүдийн бичлэгийг буурай харсан, хаширсан. Хардахаас өөр яалтай.
Сайхан бүсгүй гунханхан гудамжаар алхаж явааг хараад нүдээ баясгахын оронд “Явдалтай, явдалтай” гэж мууг төсөөлөх бол гоё машин унаж явбал шууд л “нууц” өргөмжлөл олгоно. Хаана юу хийж явсан нь хамаагүй. Яваагүй нь ч падлийгүй. Тэрийг тогтоож, батлах хэрэг ч байхгүй. Ерөөсөө л “нууц”. Гүйцээ. Залуу сайхан бүсгүй хэдэн арван саяын машин унаж явааг ингэж харах ёстой гэнэм.
Телевизээр гарч буй хүнийг хараад “луйварчин, луйварчин” л гэнэ. Яаж хэнийг луйвардсаныг нь мэдэхгүй. Мэдэх алба ч байхгүй. Хардахад л хангалттай. Тэгж байж гэмээнэ шударга иргэний шалгуурт нийцнэ. “Луйварчин” гэсэн бол “луйварчин”. Түүнийг нь эсэргүүцвэл хамсаатан нь эсвэл долоогч болно.
Олон түмний хар хэл амыг хаахын тулд гаалийн байцаагч ажилд орсон цагаасаа эхлэн хүний машинуудаар ээлж дараалан хүйдэгнэнэ. Авлигаар бус анхнаасаа л мөнгө байсан гэж харагдуулах гэж тэр. Харин ажлынхан нь энэ хаанаасаа ийм машинуудтай болчихдог байна аа гэж хоолонд орохдоо хардана.
Тамхи, архи хэрэглэдэггүй тохитой томоотой төрийн албан хаагч тамхинд орсон шалтгаан нь бас л хар. Тамхи татах нэрийдлээр “хор” найруулаад байна гэж бусдыгаа хардан, юу ярьж байгааг нь мэдэхийн тулд тэр тамхинд орсон. Одоо яриаг нь сонсдог болсон ч “Миний хажууд хороо ярихгүй байна” гэж харддаг болсон.
Хартай нөхөр эхнэрээ хянахын тулд гэрээ бүрэн камержуулдаг бол эхнэр нь утаснаас нь эхлээд бүхнээ “шилэн” байлгаж, унадаг машиныг камержуулахыг хүснэ. Хэрэвзээ шалтгалтаар нь ямар нэгэн зүйл илрэхгүй бол “устгачихаж” гэж бас л хардана. Фэйсбүүкээр хэн нэгний зургийг тавиад элдэв гүтгэлэг бичвэл хормын дотор л хэдэн мянгаараа шэйрлэнэ. Арчаагүй, завхай, зайдан, луйварчин, хулгайч, дээрэмчин, тонуулчин болгох ёстой амархан. Дургүй нь хүрсэн хэн нэгэн нөгөөгөө элдвээр хэлж “постлоход” л хангалттай. Бүгдээрээ хартай болчихсон, ургуулан бодож, төсөөлөн дүрсжүүлчихнэ.
Улстөрчид бол биесээ гадны тагнуул, гар хөл гэж хардах бол хамгийн наад зах нь.
Нэрт дуучин С.Жавхлан гишүүн болмогцоо “Нэг л нууцгайхан хуралдчих гээд байгаа юм шиг мэдрэмж надад төрөөд байгаа шүү. Энэ гэхдээ хардалт ч байж магадгүй. Өнөөдөр л гэхэд маш тулгаж хэллээ. Ямар ч байсан амдаад ороод ирлээ л дээ. Тэгэх тусам нь би улам чангарна.Тийм биз дээ” гэх хардах бол гэнэн цагаан хар. УИХ гишүүнээсээ нууцаар хуралдана ч гэж юу байх вэ! Төрийн ордонд хурдан морины унаач хүү шиг ташуур барьж хөл тавьсантай нь харьцуулбал түүнээс гарч болох л хар. Гэхдээ хал палгүй юм даа.
Аргаа барахдаа улстөрчид маань саунд юбкатай яриа хэлэлцээ хийдэг болсон. Бас л хар шүү дээ. Бичлэг хийчих вий гэсэн болгоомжлол тэр.
Ер нь бид бүгдээрээ хартай улс. Голомт нь өөрт байгаа болохоор тэр нь эдгэнэ гэж үгүй. Аливаа асуудлын, үйлдлийн учир шалтгааныг хайхаасаа илүүтэй буруутгахыг л урьтал болгоно.
Бурхан биш хойно хүнд алдаа дутагдал бий. Гэтэл бид ямар нэгэн буруу үйлдэл байх ёстой гэж өөрсдийгөө итгүүлдэг.
Угтаа хүний харилцааны хамгийн том тулгуур болсон итгэлээ бид гээчихсэн юм биш үү? Итгэл үзүүлээгүй байж сэтгэл нэхэх нь утгагүй. Тийм эрх ч байхгүй.
Бид хар, сэрдсэнээр бус итгэж, найдсанаар энэ өндөрлөгт хүрсэн биш гэж үү?! Иймийн тулд л хамаг монголчууд зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаасаа хагацах болтугай.