Эрчүүдийн загварын эцэг Пьер Кардин

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Эрчүүдийн загварын эцэг Пьер Кардин

-Пьер Карден 95 нас хүрлээ-

Эрчүүдийн загварын эцэг Пьер Кардин

Дэлхийн хувцас загварын ертөнцөд хувьсгал хийсэн түүхэн эрхэм Пьер Кардины 95 насны ой тохиож байна. Элдэв чамин малгай, өнгө өнгийн урт шилэн оймс, эрчүүдийн төгс загварыг чинээнд нь тултал урласаар ирсэн агуу мэдрэмжтэй нэгэн авьяастныг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Пьер Карден 1922 онд Венеци хотоос холгүйхэн дарсны нэртэй худалдаачны гэр бүлд төржээ. Хүүг гурван нас хүрэхэд гэр бүл нь фашизмаас дайжиж, төрөлх эх орон Францдаа эргэн очив. Эцэг, эх нь хүүгээ уран барилгач болно гэж мөрөөдөж байсан ч тэдний найдлага талаар болжээ. Бяцхан Карден найман настайгаасаа хувцас загварт сонирхож, өсөж томрох тусам бүр ч илүүтэй шунан дурлах болсон байна.

Түүний хамгийн эхний бүтээл нь хөршийнхөө хүүхэлдэйнд зориулан урласан бяцхан “коллекц” байсан гэдэг. Хүү 14 нас хүрээд Францын Вишед суурьшиж, нутгийн түнш Манблид туслах болжээ. Тэнд л Пьер эрэгтэй хослол оёх урлагт суралцсан нь ирээдүйн агуу амжилтын үндэс нь болсон юм.

Дэлхийн II дайны дараа Пьер Парис руу нүүв. Эхлээд Paquin, дараа нь Elsa Schiaparelli загварын ордонд нэг жил гаруй ажиллаад, удалгүй Christian Dior руу шилжжээ. Тансаг зэрэглэлийн, ихэс дээдэс, чинээлэг хүрээнийхэнд зориулсан хувцас дизайн дээр ажиллахын зэрэгцээ тэр театрын хувцас бас урлаж байв. Хожим театр түүний үндсэн хобби нь болжээ.

Карден 1949 онд Dior ордныг орхиж, өөрийн гэсэн үйлдвэрлэлээ эхлүүлэхээр шийдсэн байна. Хоёр жилийн дараа анхны эмэгтэй загварын цуглуулгаа гаргаж, нэрийн барааны Eve хэмээх дэлгүүрээ нээжээ. Эмэгтэйчүүдийн загвар нь эрэлт ихтэй байв. Яг тэр үеэс л Пьер бөмбөлөг маягийн юбка, цэцгэн хээтэй өвөрмөц зангиа, өнгө өнгийн сонирхолтой оймс, ер бусын эсгүүртэй цамц гээд нэрийн хуудас болсон алдартай загваруудаа бүтээжээ.

Зөвхөн эмэгтэй хувцас загвар түүнд хангалтгүй байв. Улмаар Пьер Карден 1957 онд Adam нэртэй эрэгтэйчүүдэд зориулсан дэлгүүрээ нээжээ.

“Юнисекс” буюу эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн өмсөж болох загварын чухал ойлголтыг Пьер Карден хувцас загварын ертөнцөд анх нэвтрүүлсэн нэгэн. Нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх, үүрэг хувьсан өөрчлөгдөх болсонтой холбоотойгоор урган гарч ирсэн хэв маяг бол юнисекс юм.

Жараад онд Карден юнисекс цуглуулгуудаа анх танилцуулав. Хурц, тод өнгө, өвөрмөц хачин, чамин деталь агуулсан загварууд түүний бүтээлд давамгайлж байв. Гэхдээ түүний эдгээр зоригтой шийдлүүд хүн бүрийн хэрэглээ болж чадахгүйг ойлгосон Пьер Парисын их дэлгүүрүүдээр илүү уламжлалт хэв маяг агуулсан загваруудаа худалдаалах болжээ. 1961 онд тэр загварын коллекциудаа Парисаас гадуур түгээх зөвшөөрөл авсан байна.

Бүтээсэн хувцас загварууд нь, түүнийг дагаад нэр хүнд нь Европ даяар алдаршиж байсан ч Пьерийн хүсэл тэмүүлэл илүү холыг онилсон байв. Улмаар тэр АНУ-ын зах зээлд хөл тавьж, Нью-Йоркт хүүхдийн брэндийн дэлгүүрээ нээжээ. Эрэгтэй, эмэгтэй загваруудыг нь ч америкчууд таатай хүлээн авав. Ингээд л бизнес нь цэцэглэж эхэлжээ.

АНУ-ын зах зээлийг байлдан дагуулсны дараа Карден Японд ч мөн амжилтаа бататгав. Япон бүсгүйчүүд түүний хурц, тод өнгийг ихэд таашаасан гэдэг. Түүний зэрэгцээ Пьерийн хожмын бүтээлд нь япон соёлын нөлөө нэлээд давамгайлах болсон юм.

Карден 1970 онд Парис хотын төвд асар том байр түрээслэн авч, “Эспас Карден” театрыг байгуулжээ. Тайзан дээр нь Майя Плисецкая, Марлен Дитрих, Марина Влади гээд алдартнууд тоглож байлаа. Тэндээс л Пьер насан туршийн сайн найз Плисецкаяг олсон гэдэг. Пьер бүжигчин найзыгаа хамгийн сүүлийн хэв маяг бүхий тусгайлан урласан загварлаг хувцсаар гоёж, хамтдаа “Анна Каренина”, “Нохойтой хатагтай”, “Зөгнөл”, “Загвар ба бүжиг” жүжгүүдийг бүтээжээ. Орост очих бүртээ тэр Плисецкаятай заавал уулздаг байсан гэнэ.

Пьер Орос оронтой ямар нэг сэжмээр үргэлж холбогдсоор ирсэн гэнэ. Тэрбээр 2008 онд ОХУ-ын Уран сайхны академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдөж, 2013 онд Найрамдлын одонгоор шагнуулжээ.

Загвар бол түүний цор ганц сонирхол биш. Пьер Карден 1981 онд “Maxim” рестораны сүлжээг өөрийн эзэмшилд авчээ. Дараа нь сүрчиг гаргаж, автомашины дизайнаар ч оролдож үзэв. Түүгээр ч зогсохгүй оргилуун дарс гаргаж, хүүхдийн тоглоом бүтээж, зочид буудлын бизнест хөрөнгө оруулжээ. Дараа нь уран барилга сонирхох болж, “Хөөсөнцөр” нэртэй харшаа бариулж, сүүлийн 10 жил тэндээ аж төрж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж