"Мазаалай" маргааш тойрог замдаа орно

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

"Мазаалай" маргааш тойрог замдаа орно

"Мазаалай" маргааш тойрог замдаа орно

Монголын анхны хиймэл дагуул маргааш (2017.07.07) тойрог замдаа орж, үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Гарт баригдах хэмжээний драгон “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээсэн юм. Драгон сансрын хиймэл дагуулыг бүтээсэн багш нар өдгөө Японы Кюүюшүгийн их сургуульд докторын зэрэг хамгалаалахаар суралцаж байгаа. “Мазаалай” хиймэл дагуулыг АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс 2017 он зургадугаар сарын 3-ны өдөр “Falcon 9” пуужингаар сансарт хөөргөсөн юм. Одоо хиймэл дагуул задгай сансарт үндсэн үүргээ  биелүүлэх түүхэн мөч ирээд байна.  “Мазаалай” хиймэл дагуулыг олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хийсэн бөгөөд энэ Японы Кюүюшүгийн технологийн институт дээр хэрэгжүүлж байгаа төсөл юм.
 

Д.УЛАМ-ОРГИХ: Хиймэл дагуул шинжлэх ухаанд дуртай болгоход нөлөөтэй

 

Хиймэл дагуулыг бүтээх багийн ахлагч, МУИС-ийн багш, дэд профессор Д.Улам-Оргих багшаас дараах зүйлсийг тодрууллаа. 

-“Мазаалай” хиймэл дагуул үүргээ биелүүлэхэд хэдхэн цагийн хугацаа үлдлээ. Энд байрлах удирдлагын антенаас яриагаа эхлэе?

-МУИС-ийн түүхт 75 жилийн энэ онд тохиож байна. Энэ хугацаанд манай сургуулийн багш, судлаач нарын нийлсэн баг “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг бүтээгээд сансарт амжилттай хөөргөж чадлаа. Одоо зөвхөн өөрийн үүргээ биелүүлэхэд үлдсэн. МУИС-ийн хажууд байрлах шинээр баригдсан номын сангийн барилга дээр “Мазаалай”-г удирдах удирдлагын станц бий. Эндээс команд явуулна. Командын дагуу үүргээ биелүүлж, дохио ирүүлснээр оношлох юм. Тэгэхээр “Мазаалай”-г удирдах удирдлага \антен\ энд байна гэсэн үг. Харин олон улсын төслийн удирдлага Кюүюшүгийн их сургуульд байрлаж байна. Харин энэ удирдлага дээр Т.Төртогтох ажиллаж байгаа. Ганц “Мазаалай” биш бусад орны хиймэл төхөөрөмжийг ч удирдах боломжтой.

-Антен байгуулахад багагүй хугацааг туулсан байх?

-Антаныг бүх тооцоо, судалгаагаар гаргаж барьсан. Зарим технологийг АНУ-с авчирсан. Үүний цамхагийг мобиком корпорацийн залуус хийж өгсөн. Антаныг угсарч, ажилд оруулах бүхий л үйлдлийг манай залуус өөрсдөө хийлээ.

-“Мазаалай” хиймэл дагуул хоёр жилийн хугацаатай гэж сонслоо. Үүнээс хойш дараагийн хиймэл дагуул дахин гарах уу?

-“Мазаалай” хоёр жил ажиллаад тойрог замаас гарах ёстой. Энэ бол анхны техникийн боломжийг харуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Залуучууд техникийн боломжийг ашиглан хиймэл дагуул бүтээж болдогийг эхлүүлж чадсан нь бахархалтай юм. Энэ технологийг ойлгодог мэргэжилтэнтэй болоод ирэхээр хиймэл дагуул маань цааш үргэлжлээд явна гэсэн үг. Засаг төр дэмжээд ард түмэн ойлгоод явах юм бол манай залууст цаашид хийх зүйлс их байна. Тэгэхээр бид монголдоо туршдаг лабораторийг бий болгочихвол эндээ хийгээд эхэлнэ. Гар утас хуучирч байгаа шиг технологийн шинэчлэл улам л нарийн болж байна. Хэдэн жилийн өмнө бид бие биеээ хараад ярина гэдэг бол мөрөөдөл байлаа шүү дээ. Гэтэл яаж технологийн хувьсал шинэчлэгдсээр байна. Үүнтэй адил сансарын хиймэл дагуул улам л нарийн технологи руу шилжиж эхэллээ. Хиймэл дагуул хүртэл гарт баригдах хэмжээтэй бүтээгдэж эхэллээ.

-“Мазаалай” хиймэл дагуулын нэг онцлог нь төрийн дуулалыг эгшиглүүлнэ гэж байгаа. Үүнд их ач холбогдол өгчээ?

-Хиймэл дагуул монгол орны нутаг дэвсгэр дээгүүр хөөрөхдөө төрийн дууллаа эгшиглүүлнэ. Өдөрт ойролцоогоор 20 удаа явлаа гэхэд тэр хэмжээгээр дуу эгшиглэнэ. Сансарын дуу гэдэг бол чамин, маш сонин байдаг. Бид энд туршилт хийж байхад Япон мэргэжилтэн дууг сонсчихоод далайн авай шиг ямар сайхан юм бэ гэж хэлж байсан. Бидэнд ч бас сайхан сонсогдож байсан. Үүнийг сонссон хүүхэд физик ойлгож, шинжлэх ухаанд дуртай болно. Одоогийн энэ хиймэл дагуулын нэг онцлог нь хүүхэд, залуус болон ард иргэдийг шинжлэх ухаанд дуртай болгоход их нөлөөтэй. 

-Манай улс сансарт хиймэл дагуул хөөргөсөн орны тоонд орлоо. Энэхүү түүхэн үйл явдал манай шинжлэх ухааны хөгжлийн түвшинг харуулж байна?

-Улс орныг технологи хөгжүүлдэг. Тэр тусмаа сансар, цөмийн технологийг хамгийн их мэдрэмжтэй технологи гэж ярьдаг. Энэ нь цаашлаад улс орны хүчин чадлыг харуулах юм. Сансарын технологит манай залуус анхны алхмаа хийлээ. Тэд өөрсдөө үүнийг гардан эхлүүлж байгаа нь сайшаалтай. Хиймэл дагуулыг яаж бүтээх үе шатыг туулаад бүтээчихлээ. Тэгэхээр эдгээр залуус маань том мэргэжилтэн болно. Үүний араас олон залуус сонирхоод эхэлнэ.

-Өнөөдрийн энэ амжилт МУИС-ийн физик электроникийн сургуультай салашгүй холбоотой гэж ойлгож болох уу?

-МУИС-д физик электроникийн сургууль гэж байсан. 2004 онд физик электроникийн ангийг нээж байсан. Үүнийг санаачилж нээсэн хүний нэг бол би. Яагаад энэ ангийг нээх болсон шалтгаан бол ерөөсөө физик суурьтай инженерүүд орчин үед ялангуяа тэргүүний технологийг гаргаж ирдэг. Тэгээд энэ ангид олон шилдэг залуус суралцсан. Тухайн үед улсын олимпиадад өндөр амжилт үзүүлж байсан оюутан залуусын нэг хэсэг нь ингээд хиймэл дагуулыг бүтээгээд явж байна. Энд би нэг зүйлийг онцолмоор санагдлаа.

-За?

-Энэ ангийг нээдэг жил тохиолдлоор Станфордын их сургуульд инженерийн физикийн ангийг нээж байсан юм билээ. Одоо тэнд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүд төгсөж байна. Мэдээж цалин хангамж өндөр. Өнөөдөр манай залуус хиймэл дагуулыг бүтээгээд сансарт хөөргөнө гэдэг бол олон олон амжилтуудын эхлэл болж байна. Бидэнд боломж байгааг залуус маань харуулж байгаад багш хүний хувьд бахархалтай сууна.


Бидний яриа энд хүрээд өндөрлөлөө. Гарт баригдах \10 см\ драгон сансрын хиймэл дагуулыг бүтээсэн багш нар өдгөө Япон улсад суралцаж байна. Энэхүү инженерийн багт Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин нарын судлаач багтсан юм. Тэд МУИС-ийн түүхт 75 жилийн ойд төдийгүй Монгол улсын сансрын шинжлэх ухаанд томоохон түүхийг бичлээ.

“МАЗААЛАЙ” ХИЙМЭЛ ДАГУУЛ НЬ 400 КМ ӨНДРӨӨС ДЭЛХИЙН БОЛОН ЭХ ОРНЫХОО ЗУРГИЙГ САНСРААС ХЭСЭГЧЛЭН АВНА

Монгол улсад сансар, огторгуй хиймэл дагуулыг хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтойг онцлов. Сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ойр хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга, аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай аж.

“Мазаалай” хиймэл дагуул нь 400 км өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээх аж. 437MHz давтамжтай радио дохио болон Монгол Улсын төрийн дуулал сансраас эгшиглүүлэхээр бүтээжээ. Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийх юм. Үүнд, олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа долоон орны газрын станцын тусламжтай урвууGPS аргаар байрлал тогтоох, байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож, түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох юм байна. Мөн үүнээс гадна дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй аж.

Хиймэл дагуулын ач холбогдол нь Монгол улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаараа тусгаар тогтносон улсын баталгаа, билгэ тэмдэг болж байгаа юм.

Монголоо өөр хаана ч байдаггүй говийн баавгай “Мазаалай” нэрээр нэрлэгдсэн уг хиймэл дагуулыг тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар сансарт гаргахаар гэрээ хийж, зургадугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Флоридан муж дахь Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас нисгэсэн. Манай сансрын хиймэл дагуулын хамт энэхүү нислэгт Гана, Бангладеш, Нигери зэрэг улсын хиймэл дагуул багтжээ. Одоо “Мазаалай” хиймэл дагуул өөрийн үүргээ задгай сансарт биелүүлэхэд тун ойртлоо. Энэхүү түүхэн үйл явдал маргааш тохиох бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр тохиож байгаа учраас олон нийтийг хамруулан ёслол төгөлдөр тэмдэглэхгүй гэдгийг МУИС-иас мэдэгдсэн юм.

Мэдээллийг маргааш эргэн хүргэнэ.

 

“Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг бүтээсэн МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин

Холбоотой мэдээлэл:

“Мазаалай” хиймэл дагуул ямар үүрэгтэй вэ?

“Мазаалай” тусгаар тогтнолын баталгаа гэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж