Орос, Хятадын итгэлцэл

Хуучирсан мэдээ: 2017.07.06-нд нийтлэгдсэн

Орос, Хятадын итгэлцэл

Монгол, Их Британийн бизнес уулзалт долдугаар сарын 30, 31-нд Лондонгийн хөрөнгийн биржид болсон талаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин Москвад хийсэн хоёр өдрийн  айлчлалаа өндөрлөж, ХБНГУ-ын Хамбург хотод болох “Их-20” уулзалтад оролцохоор мордлоо.

“Их-20”-ийн уулзалтад оролцохоосоо өмнө тэрбээр амжиж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзан, олон улсын асуудлаар хоёр тал байр сууриа нэгтгэв. Орос, Хятадын удирдлагууд хамтын ажиллагааны хүрээнд олон салбарыг хамарсан 20 орчим хэлэлцээрийг баталгаажуулжээ.  

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Хятадын даргын айлчлалыг хоёр улсын харилцаан дахь гол үйл явдал” хэмээн тодотгож, хамтын ажиллагаа гайхалтай амжилт дагуулж байгааг мэдэгдсэн. Ингэхдээ 2016 онд хоёр улсын худалдааны эргэлт 4 хувиар өсч, 66 тэрбум ам.долларт хүрсэн бол 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар 37 хувь буюу 24.5 тэрбумаар өссөн талаар Оросын ерөнхийлөгч онцоллоо.

ЭРЧИМ ХҮЧ
 

Оросын удирдагч хоёр улсын хамтын ажиллагаанд эрчим хүчний салбар голлох үүрэг гүйцэтгэж буйг уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.

“Сибирийн хүч” байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа. “Газпром” компани Хятадын түншүүдтэй тохиролцоонд хүрч, 2019 оны арванхоёрдугаар сард байгалийн хийн анхны нийлүүлэлтээ эхэлнэ. Мөн Хятад руу баруун талын маршрутаар байгалийн хий нийлүүлэх хэлэлцээ үргэлжилж байгаа аж.

Үүний зэрэгцээ, шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх “Ямал СПГ” үйлдвэрийн барилгын ажил дуусах шатандаа явж буйг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дуулгалаа. Энэ төслийн 29.9 хувийг Хятадын тал эзэмшиж байгаа.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд атомын энергийн салбар дахь хамтын ажиллагаагаа уулзалтын үеэр дүгнэж ярьжээ. Энэ үеэр Владимир Путин Тяньваны атомын цахилгаан станцийн бүтээн байгуулалтын ажлын ачаар маш их туршлага хуримтлуулж байгаа гээд 2018 онд атомын цахилгаан станцийн хоёр блокийг барьж дуусах шаардлагатай байгаа талаар хэлжээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпины айлчлалын үеэр Оросын “Роснефть” болон Хятадын эрчим хүчний “CEFC” компанийн хооронд стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсан нь энэ айлчлалын нэг гол мэдээ.

ЗАМ ТЭЭВЭР
 

Си Жиньпины айлчлалын үеэр хоёр тал өндөр техник, технологийн салбарт хамтран ажиллах тал дээр онцгой анхаарал хандууллаа. Тэд сансрын орон зайг хамтран судлах, харилцан туршлага солилцох талаар хэлэлцээд, сансар судлалын салбарт 2018-2022 онд хамтран ажиллах ээлжит хөтөлбөрт бэлтгэж буй талаараа олон нийтэд зарлалаа.

Нийтэд хандан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Холын нислэгийн нисэх онгоц, хүнд тээврийн нисдэг тэрэг гээд нисэхийн салбарт бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байгаа” талаар цохин тэмдэглэжээ.

Тээврийн салбарт гэвэл хурдны төмөр зам болох “Москва-Казань” төсөл хэрэгжиж байна. 2019 онд Европ-Хятадын баруун хэсгийг дайрах автомашины марштурыг холбох ёстой Оросын нутаг дэвсгэрээр өнгөрөх замын бүтээн байгуулалтын ажил дуусч байгаа гэдгийг тэр мөн тэмдэглэв.

Путин Хойд далайн зам, Транссибир болон Байкал-Амурын төмөр замыг ашиглах өндөр боломж байгааг онцоллоо. Путин,  Си Жиньпин нар саяхан Бээжинд болсон  “Нэг бүс-Нэг зам” чуулганы үеэр энэ талаар мөн ярилцжээ. Орос, Хятадын хэрэгжүүлж буй төслүүд хоёр талд орчин үеийн үйлдвэрлэл, ажлын байр, хөрөнгө оруулалт, худалдааны салбарыг хөгжүүлэх үндэс болно гэдэгт тэд итгэл төгс байгаагаа үг, үйлдлээрээ харуулсаар байв. Энэ тухайд БНХАУ-ын дарга Си Жиньпин  “Орос, Хятадын хамтын ажиллагаа хоёр улсын эдийн засагт үр өгөөж өгөөд зогсохгүй дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сэргээх боломжтой” гэж хэлжээ.
 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
 

Москва, Бээжингийн яриа хэлэлцээний үеэр яригдсан гол асуудлын нэг бол санхүү, зээлийн салбар байлаа. Энэ салбарт хоёр тал идэвхтэй хамтран ажиллах зорилго тавьжээ. 2016 онд Орос дахь Хятадын шууд хөрөнгө оруулалт 12 хувиар өсч, 2.3 тэрбум ам.долларт хүрсэн тухай Путин онцлов.

Хятадын даргын айлчлалын үр дүнд Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Хятадын хөгжлийн банктай “Орос, Хятадын сан” байгуулахаар тохиролцоонд хүрлээ. Энэ сан 65 тэрбум юань буюу 9.5 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг юанаар хийх механизмыг хялбаршуулна гэж хоёр тал мэдэгдэв.

Мөн Оросын төв банкны төлөөлөгчийн газар Хятадад нээгдэхээр болжээ. Эдгээр хүчин зүйлүүд нь цаашид хөрөнгө оруулалтын харилцан гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хэлэлцээ эрчимтэй үргэлжлэхэд чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Үүнээс гадна, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон Хятадын хөрөнгө оруулалтын корпораци Орос, Хятадын хөрөнгө оруулалтын сангийн хамтын хөрөнгийг пропорциональ хандиваар 1 тэрбум ам.доллар нэмэгдүүлж байгааг тэд мэдэгджээ. Харин шинэ хөрөнгө оруулагчдын зүгээс 2 тэрбум ам.долларт хүргэх сонирхол байгаа гэлээ.

Си Жиньпины айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын салбарт  “Газпромбанк” болон China Chengtong Holding Group корпораци 1 тэрбум ам.доллар хүртлэх хэмжээтэй хамтын хөрөнгө оруулалтын санг бий болгохоор тохиролцжээ.

Хөдөө аж ахуй
 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятад руу улаан буудайн экспортыг нэмэгдүүлэх тохиролцоо хийсэн гэдгээ мэдэгджээ. Си Жиньпины энэ удаагийн айлчлалын үеэр Хятад улс оросын мах болон шувууны аж ахуйн бүтээгдэхүүний импортын хориг саадыг чөлөөлөх асуудлыг Оросын талтай хэлэлцэж эхэлсэн юм байна. Өнгөрсөн жил оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 17 хувиар өсч, 1.6 тэрбум ам.долларт хүрчээ.

Хүмүүнлэгийн салбар
 

Оросын удирдагч хоёр тал хүмүүнлэгийн харилцаа холбоотой байх нь чухал гэдгийг онцлов. Тэд хэвлэл мэдээлэл, кино болон хүүхэлдэйн кино үйлдвэрлэл болон шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэлээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 25 мянган хятадын иргэн, харин БНХАУ-д 17 мянган орос иргэн тус тус суралцаж байна. Харин хоёр тал энэ үзүүлэлтийг 2020 он гэхэд 100 мянгад хүргэхээр тохиролцжээ. Үүний зэрэгцээ, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд эерэг үзүүлэлт ажиглагдаж эхэлсэн гэв. Оросын аялал жуулчлалын салбар хятадын жуулчид тэргүүлэх байр суурийг эзэлж байгаа бол Оросууд аялахыг хүсдэг орны жагсаалтад Хятад улс хоёрт оржээ. 2016 оны судалгаагаар Орост ирсэн жуулчдын 30 хувь нь БНХАУ-ын иргэд байсан гэв.

Гадаад бодлого
 

ОХУ болон БНХАУ нь олон улсын тавцанд НҮБ, ШХАБ, Их-20, БРИКС-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Тэдний гадаад бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл бол Солонгосын хойг гэж Владимир Путин мэдэгдэв. Иймээс хоёр тал Солонгосын хойгийн хямрал, Сирийн мөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар байр сууриа нэгтгэжээ.

Си Жиньпин “Орос, Хятад хоёр улс олон улсын бүхий л асуудалд байр суурь нэгтэй байж ирсэн. Бид Зүүн-Хойд Азид Америкийн THAAD систем байршуулсныг эсэргүүцэж байна. Энэ нь бүс нутгийн төдийгүй Орос, Хятадын аюулгүй байдлын стратегийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулна. Иймээс бид аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах тохиролцоо хийлээ” гэжээ.

Мөн тэрбээр “Гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөн ч ОХУ, БНХАУ-ын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх итгэлцэл, шийдвэр хэзээ ч өөрчлөгдөхүй. Бид хоёр талын харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд авч үзнэ. Цаашид олон улсын асуудлыг хамтдаа шийддэг байна. Орос, Хятадын харилцаа хоёр улсын хөгжлийн түлхүүр төдийгүй дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох болно” гэв.  

Үүнээс гадна, Хятадын удирдагч Орос, Хятад дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нээлттэй эдийн засгийг бий болгохыг зорьж байгаа гэв. Энэхүү чармайлт нь Хамбург хотод болох Их-20 дээд хэмжээний уулзалт зэрэг олон улсын чуулганы хүрээнд шийдэгдэх учиртай гэжээ.

 

Инноваци
 

Хоёр улсын төрийн тэргүүн нарын айлчлалын эхний өдөр Оросын Внешэкономбанк болон Хятадын төрийн хөгжлийн банк (CDB) хооронд 50 тэрбум рублийн иннованийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулав. Санхүүжилтийн хугацаа 15 хүртлэх жил байхаар тусгажээ.

Внешэкономбанк эхний ээлжинд оросын инновацийн төслийг дэмжихэд чиглэсэн 2 хүртлэх тэрбум ам.доллар санхүүжилтийн тохиролцоо хийсэн байна.Энэхүү хэлэлцээр нь өндөр технологийн инновацийн төсөл болон Үндэсний технологийн санаачилгын төслүүдийг санхүүжүүлэх ажээ. Мөн энэ салбарт экспортын төслүүдийг хоёр тал дэмжихээр тохиролцсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж