УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаас дараах асуултад хариулт авлаа.
-Хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор боллоо. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан гэж үзээд ийм шийдвэр гаргав уу. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор дээрх шийдвэр гарав уу?
-Засгийн газар өмнө нь Олон улсын валютын сан (ОУВС)- гаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг өрхийнх нь амьжиргааны төвшнөөс нь хамаарч олгох алхмыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлсэн. ОУВС-д хамрагдах хүсэлт гаргаж байсан үе маань найман сарын өмнөх үйл явдал.
Тэр үед Моногл Улсын эдийн засаг хасах баланс заасан, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, Хятадын Чалько, TVJO-д төлөх 170 сая ам.долларын өр, Хятадын ардын банкны своп хэлцлийн 2 тэрбум ам.доллартай тэнцэх төлбөрийн асуудал хаяанд тулчихсан, хүнд байсан үе. Засгийн газар зарим өрийг төлж, заримыг нь эдийн засагт дарамт учруулахгүй болж зохицуулалт хийснээр эдийн засагт гэрэл асч, Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалт сайжирч, валютын ханш суларч, төгрөг чангарч байна.
Судлаачдын зүгээс эдийн засгийн өсөлт 4-4.5 хувьтай байна гэсэн үзүүлэлтийг гаргаж байгаа. Монгол Улс хагас жил гаруйхны хугацаанд эдийн засгийн өсөлт энэ хэмжээнд гарна гэдэг нь ахиц юм.
Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа төсвийн орлого хагас их наядаар давсан. Энэ нь иргэд рүүгээ хандсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Энэ ч үүднээс хүүхэд бүрт мөнгө олгох шийдвэр гаргалаа. 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүүхдийн мөнгөө авч чадаагүй байгаа хүүхдэд 20 мянган төгрөгийг нөхөн олгоно. Улсын төсөвт 161 орчим тэрбум төгрөг суулгасан. Энэнээсээ нөхөн олголтыг олгоод явах бүрэн боломжтой гэж үзэж шийдвэрээ гаргасан.
-ОУВС хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Хөтөлбөрт орохдоо нэг асуудлыг ОУВС-тай ойлголцож тохирсон нь эдийн засгийн эерэг үзүүлэлт гарч байгаа нөхцөлд ард иргэддээ тус нэмэр болох алхмыг үе шаттай хийнэ хийнэ гэсэн яриа юм.
-Хүүхдийн 20-ыг өгөхийн тулд заавал ч үгүй УИХ-д асуудлыг оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай биш үү. УИХ-аас хүүхдийн мөнгөтэй холбоотой шийдвэр гаргахдаа амьжиргааны нийт хүүхдийн 40 хувьд хүүхдийн мөнгө олгоно гэдэг шийдвэр гарсан байгаа?
-2017 оны төсөвт тодотгол хийж таарна. Гэхдээ батлагдсан төсвийнхөө хүрээнд нөхөн олгоод явах боломж бүрэн байгаа.
-Хүүхдийн мөнгө олгох шийдвэр нь албажиж ирээгүй учраас нөхөн олголт хийх боломжгүй байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан хэлээд байна. Шийдвэр хэзээ албажих юм бэ?
-Засгийн газрын тогтоол нь гарсан өдрөө яам руу илгээгддэггүй, холбогдох сайд нар нь гарын үсэг зурж, он сар дугаар нь тавигдаад, албаждаг. Үүний дараа тухайн яамандаа хүргэгддэг. Өнөөдөр (өчигдөр) албажаад очсон байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэсэн шүүхийн шийдвэр гаргасан байхад Засгийн газар хувьцаанаас нь иргэддээ хувь хүртээх тухай шийдвэр гаргасан нь буруу. Хууль зөрчлөө гэж Ардчилсан намын зүгээс мэдэгдлээ. Энэ хууль зөрчсөн үйлдэл биш үү. Хэрвээ хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа юм бол Монгол Улсын нэг иргэнд “Эрдэнэт” ийн хэдэн хувьцаа ногдох юм бэ. Судалгаа байна уу?
-Жилийн өмнө УИХ -ын сонгуулийн үеэр УИХ нь мэдээгүй байхад “Эрдэнэт” ийн 49 хувийг хувьд зарсан. Ссонгуулийн дараагаас эхэлж энэ асуудлыг УИХ, Засгийн газраар ярьж, 49 хувийг буцаан төрд авч 100 хувь Моноглын төрийн өмч байх шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангахыг Засгийн газарт даалгасан.
Энэний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж, хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулсан. Харин 49 хувь талынхан шүүхэд хандаж, саяхан шийдвэр нь гарсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг буруутгасан шийдвэр гарсан.
Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаас гаргаж байгаа шийдвэр 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг баталгаажуулж, Засгийн газрын тогтоол гаргасан. Өмнө нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл өгч байсан, даргын тушаал гараад явж байсан ч шүүх дээр унасан.
Улс орны эрх ашгийн эсрэг шийдвэр гарсан учраас Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Тогтооол гарсан учраас энэ асуудлыг шийдвэрлэнэ. “Эрдэнэт”-ийн хувиас иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, яаралтай зохион байгуулахыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгөгдсөн. Холбогдох газүрууд ажлаа эхлүүлээд явж байгаа.
-Хувьцаа эзэмшүүлэх шийдвэр нь Ардчилсан намынхны өрийг чөлөөлнө гэх нэр дэвшигчиддээ өгсөн даалгаврынх нь эсрэг хийж байгаа популист алхам, шоу болов уу гэж үзэх хүн олон байна. Эдийн засаг даахгүй унах вий?
-Энэ бол улс төрийн шоу, популизм биш. УИХ ын тогтоол гарсан, үүнтэй холбоотойгоор Засгийн газар тогтоол гаргаж байна. Хэрэгжихгүй бол хариуцлага үүрдэг хуулийн заалттай. Албан ёсоор хэрэгжээд явна.
Өр дарахтай холбоотой асуудал сүүлийн үед гарч ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч юм уу, Ерөнхийлөгч өр шийдвэрлэдэг субьект биш. Өмч хөрөнгө, төсөвтэй холбоотой шийдвэр гаргах боломжгүй субьект. Гүйцэтгэдэг, хэрэгжүүлдэг байгууллага нь Засгийн газар, УИХ баталж өгдөг. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ийм даалгавар өгч байгаа нь цэвэр популизм.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байгаа вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Боломжийнхоо хүрээнд шийдэж байгаа асуудал нь хүүхдийн мөнгийг нөхөн олгох, тэтгэвэр нэмэх, “Эрдэнэт”-ийн хувьцаанаас хувь эзэмшүүлэх асуудал юм.
-Шүүхийн шийдвэр яг юу гэж гарсан юм бэ?
-Хэлцэл хийгдээгүй гэсэн үндэслэлээр шүүх шийдвэр гаргасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Монголын зэс” корпорацид 10 гаруй удаагийн санал тавьсан байдаг. Хувьцаа эзэмшигчийн хуралдаа ирээч ээ, Удирдах зөвлөлийн хуралдаа ирээч ээ гэж… Утсаа авдаггүй, ирдэггүй, уулздаггүй, мэдэгдэл хийгээд суугаад байдаг.
Өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг хүлээж авсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар давж заалдаад явна, эрх нь нээлттэй. Засгийн газрын албан ёсны байр суурь бол “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмч болгох.