Энэтхэг улс моджуулах аян өрнүүлж байна. Тус улсын иргэд 12 цагийн дотор 66,2 сая ширхэг мод суулгасан тухай The Independent сонин мэдээлэв.
Мадхья-Прадеш мужийн эрх баригчдын зохион байгуулсан экологийн тэнцвэрт байдлыг хангах аяны хүрээнд өглөөний 07 цагаас 19 цаг хүртэлх хугацаанд хүүхэд, хөгшчүүд бүгд оролцсон 1,5 сая хүмүүс энэ их модыг тарьж чаджээ.
Мужийн Ерөнхий сайд Шивраж Сингх Чаухан долдугаар сарын 2-ны өдрийг түүхэн өдөр гэж нэрлэв. Учир нь ийм богино хугацаанд хэдэн сая ширхэг мод суулгасан энэ тохиолдол Гиннессийн дээд амжилтын номонд бичигдэх рекорд тогтоожээ.
Энэтхэгийн Засгийн газар моджуулах аяныг 2015 оны Парисын уур амьсгалын гэрээг биелүүлэх тэргүүн чиглэлийн нэг гэж үздэг аж. Энэтхэгийн ойн эзлэх талбай нь 2030 он гэхэд 95 сая га болно гэж тус улс төлөвлөж байна.
Энэтхэг хүлэмжийн хийн хаягдлын хэмжээгээрээ Хятад, АНУ-ын дараа дэлхийд гуравт бичигддэг байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР