УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр завсарлуулахаар зарласан.
Энэ удаагийн чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийж, гурван сарын хугацаатай хуралдлаа. Чуулган хуралдах хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль болсон тул хуралдааныг 14 хоногийн завсарлуулж, гишүүд тойрогтоо ажилласан юм.
Хаврын чуулганаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг шийдэж, 2017 оны төсвийн тодотголыг баталсан нь онцлог. Зарим төрлийн татвар нэмэгдсэн шийдвэр багагүй эсэргүүцэлтэй тулгарсан ч долдугаар сараас хэрэгжиж эхлээд байна.
2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолын төсөл зэрэг эдийн засгийн шинжтэй хуульд энэ удаагийн хаврын чуулган гол анхаарлаа хандуулжээ.
УИХ-ыг хаврын хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн бодлого, шийдвэр гаргасан гэж сөрөг хүчний зүгээс шүүмжилж байгаа. Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн зарим хэсгийг нийтэд дэлгэж, өмнөх Засгийн газар болон Төв банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг буруутгасныг улстөржилт гэж сөрөг хүчин шүүмжилж байсан билээ.
Түүнээс гадна сүүлийн хэдэн жил яригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулган идэвхтэй хэлэлцэж, хоёр ч тогтоолын төсөл баталсан нь мөн анхаарал татсан асуудал байсан билээ.
Баталсан хуулиудын дунд давуу талтай, авууштай зүйлс мэдээж байгаа ч иргэд болон сөрөг хүчний зүгээс багагүй шүүмжлэл сонссон хаврын чуулганы нэг дутагдал нь гишүүдийн ирцийн асуудал байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Зарим гишүүд нээлтээс хойш харагдаагүй гэхэд хилсдэхгүй, урьд өмнөх парламентын ажил хэрэгт байгаагүй ирцийн сонирхолтой үзүүлэлт, гишүүдийн хариуцлагагүй байдал ажиглагддаг байсан нь худал биш.
Хаврын чуулганы хаалт ч бас шүүмжлэлгүй өнгөрсөнгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт долдугаар сарын 7-д товлогдсон байхад өмнөх өдөр нь чуулганыг хааж байгаа нь буруу гэж үзэх хүмүүс бий. Хоёр дахь шатны санал хураалтаар шинэ Ерөнхийлөгч тодорвол улсын баяр наадмын өмнө тангараг өргөх ёстой. Тангарагийн ёслолоос өмнө УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийг батламжилна. Гэхдээ эрхэм гишүүд ингэхийн тулд хоёр, гуравхан хоног хүлээлгүй, дахин ээлжит бус чуулган зарлах сонголтыг хийж байх шиг байна.
Ямартай ч 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ ийнхүү анхны хаврын хуралдаанаа хийж, оюутнаар бол “их сургууль”-ийнхаа эхний давааг давлаа.
Т.НОМИН