Төрийн нэгдүгээр зэргийн тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хувийн бичлэг алдагдсан хэрэгт УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан У-г сэжиглэн шалгаж эхэлжээ.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын МҮОНТ-ээс зохион байгуулах мэтгэлцээнд оролцох бэлтгэл хангаж хийсэн бичлэг хамгийн сүүлд алдагдсан. Энэ хэргийг шалгаж өгөх хүсэлт өчигдөр Эрүүгийн цагдаагийн газарт ирсэн аж. Улмаар дээрх хэрэгт У-г сэжиглэн шалгаж эхэлсэн.
Сэжигтэн У нь өчигдөр 10.00 цагийн орчимд УИХ-ын дарга асан З.Энхболдтой гар утсаар ярьсан. Улмаар “Баянгол” зочид буудлын гадаа мөнгөлөг саарал өнгийн автомашинтай очоод сураггүй болсон. Тиймээс У-гийн эрүүл мэнд, амь насанд санаа зовж байна гэж Эрүүгийн цагдаагийн газраас мэдэгдлээ.
Г.ДАРЬ