Цагдаагийн ерөнхий газраас Зөрчил, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт, ажил үүргийнхээ өөрчлөлтийн талаар өнөөдөр /2017.07.05/ мэдээлэл хийлээ. Тухайлбал, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдвөл жолооч нарын бичиг баримтыг хураан авч шалгадаг болсон. Мөн зам тээврийн торгуулийн хэмжээг нэгжээр тооцохоор өөрчлөгджээ. Зам тээврийн осол үйлдсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар 100 нэгж буюу 100,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Нэг нэгж 1,000 төгрөгтэй тэнцэнэ” хэмээн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат ярилаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрх нь хасагдсан этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчилна. Мөн албадан сургалтад хамруулахаар болжээ. Гэхдээ Зөрчлийн тухай хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл 30-40 хувиар буурчээ. Үүнээс гадна замын цагдаагийн албан хаагчид иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс албан хаагчдаа нэмжээ.
Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор иргэдийг чирэгдүүлэхгүй байлгах үүднээс цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж буйгаа онцоллоо. Тодруулбал, “Эрүүгийн хэргийн шалгах мөрдөх ажил энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тасалдаагүй. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах тасаг гэмт хэрэг, зөрчлүүдийг шалгаж буйгаа” ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Батсүх тайлбарласан юм.
Д.УУДАМ