Японы тэтгэвэртээ гарсан цагдаа Hello Kitty-гийн галзуу улаан фен нь гэнэ. Тиймдээ ч Hello Kitty цуглуулгаараа дэлхийн дээд амжилтын номд бүртгүүлжээ.
Өдгөө 67 настай Масао Гүнжи бяцхан охидын мөрөөдөл болсон Hello Kitty-гээр дүүргэсэн тусгай байшинтай. Зөөлөн чихмэл тоглоомоор дүүргэсэн тэр байшин одоо жуулчдын хөлд дарагдах болжээ. Гүнжи өөрөө 35 жилийн турш 250 мянга гаруй ам.долларыг зөвхөн Hello Kitty цуглуулахад зарцуулсан байна. Түүний цуглуулгад алчуур, хоолны сав, бичгийн хэрэгсэл, хувцас гээд зүсэн бүрийн Hello Kitty төрөл төрлөөрөө байдаг гэнэ.
“Kitty үргэлж л миний хайрыг татдаг байсан. Ялангуяа тэр нүд, сахал нь үнэхээр өхөөрдөм” гэж Гүнжи ярьжээ.
Японы үндэсний брэнд болтлоо танигдсан Hello Kitty 1974 онд мэндэлсэн юм. Одоо бол зөвхөн тоглоомоор хязгаарлагдахгүй, аяга тавгаас эхлээд дотуур хувцас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гээд Hello Kitty-г хаанаас ч олж болно.
Гүнжигийн Hello Kitty байшинд 5000 гаруй эд зүйл бий гэнэ. Түүний эхнэр Ёшико үргэлж нөхрөө дэмжиж иржээ. “Энэ бол түүний мөрөөдөл” гэж эхнэр нь ярьсан байна.
С.ЦЭЛМЭГ