УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлэв.
Тус төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байгаа юм. Завсарлагын хугацаа хараахан дуусаагүй байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ‘Боловсролын тухай хуулийн 43.1.7-д таван жил тутамд зургаан сарын тэтгэмж өгдөг байсныг зөвхөн багшид өгдөг байхаар болгожээ. Энэ тохиолдолд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, сургуулийн эмч, номын санч, цэцэрлэгийн арга зүйч нар хамрагдахгүй болж, нийтдээ 10 мянга гаруй хүмүүсийн асуудлыг дордуулчихсан байна.
Энэ хуульд багшийг хөгжүүлэх тухай заалт алга. Харин хэн сайн захиралдаа хандаж байна вэ, түүнд л боломж олгохоор байна.
Дээр үеийн ногоон малгайтнуудын ‘Ёс зүйн хороо’ гэдгийг байгуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, аль нэг сургуулийн захирал өөртөө таалагддаг хэдэн нөхдүүдийг цуглуулж байгаад үзэл бодол, санаа нийлдэггүй багш нарыгаа ялладаг болно гэсэн үг. Намын томилолтоор ирсэн багш намын үзэл бодолтой багшийг ажлаас нь чөлөөлөх тэр боломжийг нь энэ ‘Ёс зүйн хороо’ гэдэгт олгочихсон байна.
Сургууль, цэцэрлэгийн багшийг өмчийн хэлбэр үл харгалзан төсвийн хөрөнгөөр таван жил тутамд мэргэжил дээшлүүлэх тэр заалтыг Боловсролын хуулиас авч хаяжээ. Ховдын сургуулийн багш Дорнодын багштай туршлага солилцох арга хэрэгслийг бүгдийг нь байхгүй болгосон байна.
Мөн Боловсролын хуульд байсан хөдөөгийн сумдын захиалгаар багш мэргэжлээр сурч байгаа оюутан, магистрантууд ‘Боловсролын зээл сан’-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог заалтыг байхгүй болгож, орон нутгийн засаг, захиргаа руу шилжүүлжээ. Сумдууд ‘Орон нутгийн хөгжлийн сан’-аар дамжин очиж байгаа хэдхэн төгрөгийг багшаар суралцаж байгаа оюутанд зарцуулахгүй. Тиймээс энэ нь огт хэрэгжихгүй гэсэн үг.
Сүүлийн үед учраа олохгүй бацаануудаар хууль санаачлуулаад хачин юм хийгээд байдаг боллоо. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл багш нарын төлөө бус багш нарын эсрэг хууль гаргах гээд байна. Боловсролын хуулийн чадамжийг устгах гэж байна” гэсэн юм.
Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нар санаачлан мэдүүлсэн юм.
Г.ДАРЬ