Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад идэвхитэй оролцохыг уриалан “Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас өнөөдөр /2017.07.05/ мэдээлэл хийлээ.
Тус холбооны төлөөлөл болсон алдарт эхийн одонтой 30 гаруй ээж нар хуралд цугласан бөгөөд сонгуульдаа идэвхитэй оролцож, цагаан сонголт хийхгүй байхыг уриалж байгаа юм байна.
“Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхтуяа “Сонгуулийн ирцийг саармагжуулан сарниулах, сонгуулийн санал авалтыг хүчингүйд тооцуулах, улмаар төрийн дээд удирдлагын тогтолцоог алдагдуулж, хувийн эрх ашгийн үүднээс улс төрийн тэмцэл хөдөлгөөнд уриалж байгаа “Цагаан хувьсгал” гэгчийг эсэргүүцэж байна. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад өргөнөөр оролцохыг уриалж байна” гэлээ.
Тэд хоёр хоногийн дараа болох дахин санал хураалтыг явуулахад 7.4 тэрбум төгрөг Улсын төсвөөс гаргасныг онцлоод, эдийн засгийн хүндрэлтэй үед дахин сонгууль болох эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг санууллаа.
Г.Түшиг