УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, хотын дарга асан Э.Бат-Үүл нар өнөөдөр/2017.07.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Эрх баригч нам Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчлөө.
МАН-ын дарга М.Энхболдын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнд бэлтгэж байгаа бичлэг цацагдсан. Үүнийгээ Ардчилсан нам эвлүүлээд зохиогоод тараагаад байгаа юм шиг ярьж байна. Төрийн ордон гэдэг, УИХ-ын даргын арын өрөө гэдэг онцгой хамгаалалттай байдаг. Түүн рүү Ардчилсан намаас хэн нэг нь ороод бичлэг хийх боломжгүй. Сарандаваагийн үгэнд итгэж байгаа ард түмэнд юу гэж ч хэлсэн яадаг юм гэж ярьж байгаа нь бодит зүйл. Энэ бичлэгийг МАН-ын шударга гишүүд нь өөрсдөө гаргаж тавьж байгаа хэрэг. Сахилга батаа өөрсдөө барьж чадаагүй байж, өрсөдөгч намдаа нялзах хэрэггүй. Зориуд зохион байгуулалттай бэлтгэсэн байсан гэдгийг харуулсан.
Монгол төрийн эрх мэдлийг хуурамчаар авах гэсэн үйлдэл. Өөрөөр тайлбарлах аргагүй.
“Аархал” нэртэй бүтээлийг чөлөөт уран бүтээлчид хийсэн. Ардчилсан намын оролцоо үүнд байхгүй. Хууль шүүх, Авлигатай тэмцэх газрын холбогдох удирдлагууд ирээд үйл ажиллагаа явуулж байгаа нэвтрүүлгийг хэн нэгэн зохион байгуулаагүй. Олон нийтэд ил тод гаргаж тавьсан асуудал. Бид тийм юм хийж явдаг нам ч биш.
60 тэрбумын асуудал гэж яригдаад байгаа. Энэ 90 минутын бичлэг бол нэг газар, нэг цаг дор бичигдсэн байна гэдгийг АНУ-ын өндөр шинжээч тогтоосон. Шаардлагатай бол хоёр хөршөөрөө шалгуулахад бэлэн. Ичгүүр сонжуургүйгээр 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж яриад зогсож байгаа нь увайгүй үйлдэл.
Бид энэ асуудалд хүлээцтэй хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хууль, цагдаагийн байгууллага нэг ч хөдөлгөөн хийхгүй байгаа. Монгол төрийг худалдсан ноцтой гэмт үйлдлийг нуун дарагдуулах, зохион байгуулалттай үйл ажлилагаа явуулж, дарах зорилго агуулж байгаа.
60 тэрбумын бичлэг бол Монгол төрийн эрх мэдлийг яаж хууль бусаар авах вэ гэсэн бүрэн хэмжээний нотлох баримт.
Хэрэв эвлүүлэг нь үнэн юм бол нотлох ёстой. Эвлүүлэг гэдгээ нотолж чадахгүй байгаа. 60 тэрбумын асуудал дуусахгүй.
Нийслэлийн хэмжээний албан тушаалыг зарж босгох мөнгө. Баримтад тулгуурлаж асуудлыг ярьж байна. Ард түмэн үнэн худлыг ойлгосон байх гэлээ.
Төсөвт тодотгоогүй байхад Хүүхдийн мөнгө өгөх боломжгүй
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Засгийн газар өчигдөр хэд, хэдэн ноцтой үйлдэл хийлээ. Хүүхдийн мөнгө Ардчилсан намын санаачилсан хөтөлбөр. Ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт. 2012 онд Ардчилсан нам Засгийн эрх авахад зогсоосон байсныг бид сэргээгээд 10 мянгыг 20 мянга болгож тогтвортой дөрвөн жил олгосон.
МАН Засгийн эрх авангуутаа улс орны эдийн засаг сүйрлээ гээд хүүхдийн мөнгийг хүчингүй болгосон. 40 хувьд нь мөнгө олгохоор 2017 оны төсвөө УИХ-аар батлуулсан.
Олон улсын валютын сан/ОУВС/-гийн өмнө хүлээсэн үүрэг дотор хүүхдийн мөнгийг хасахаар тохирсон тухай ярьж байсан. Бид ОУВС-тай зөвшилцсөн юм уу, зөвшилцсөн ямар ч мэдээ баримт байхгүй байгаа.
Хүүхдийн мөнгийг олгохын тулд 2017 оны төсвийн хуульд тодотгол хийж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаас аргагүй байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан мөнгөн амлалтын шоу хийж байгааг эрс эсэргүүцэж байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг эрх барьсан үеэс нь шаардсан. Өнөөдөр хүүдийн мөнгийг ялгаваргүй олгохыг шийдвэрлэсэнд талархаж байгаа, гэхдээ худал хуурмаг байдлаар олгохоор болсныг дэмжихгүй.
Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад хүүхдийн мөнгө олгох боломжгүй. УИХ-аар төсвийн хууль болон дагалдах хуулиуд оруулж батлуулж байж, шийднэ.
Энэ ард түмэнд юу ч амласан яадаг юм гэж бодож байгаа байх.
ОУВС-тай ярьсан юм уу, төсөвт тодотгол хийгээгүй байхад хүүхдийн мөнгийг яаж олгох гэж байгаа юм бэ гэлээ.
Өөрт ирээгүй өмчийг хувьцаа болгон тараах эрх байхгүй
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүх дээр ирээд шийдвэр нь гарсан.
Тус үйлдвэрийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэдгийг тогтоогоод зөрчсөн байгаа. Төр өөрт ирээгүй өмчийг хувьцаа болгон тараах эрх байхгүй. Шүүхийн хараат бус байдалд төр халдаж байгаа нь ноцтой үр дагавар дагуулна.
Уул уурхайн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах ёстой гэсэн байр суурийг Ардчилсан нам барьж ирсэн, одоо ч энэ байр суурин дээрээ зогсож байна.
Говь-алтай, Ховд аймагт их хэмжээний мөнгө тараах гэж байсан гэсэн гүтгэлгийг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын хэмжээнд 22 мянга гаруй ухуулагч нар ажиллаж байна. Энэ дагуу баруун таван аймгийн 8000 орчим ухуулагч нарын зардлыг явуулж байсан. Тээвэрлэж явсан машиныг саатуулж, шүүх хуулийн байгууллагын шийдвэргүйгээр тэрбум төгрөгийг хурааж аваад сонгогчдод тараах гэж байсан гэж буй нь хууль зөрчсөн бүдүүлэг ажиллагаа.
Цагдаа, хүчний байгууллага эрх баригч хүчний талд ажиллаж байгаа. Алхам тутамд аймаг, дүүргийн дарга нарыг дуудаж, мэдүүлэг авах зэргээр зүй бус авир гаргаж байгаа.
Эхний санал хураалт дээр баруун таван аймгийн Ардчилсан намын даргыг байцаалт авах нэрээр бүтэн өдөр саатуулсан.
Цагдаагийн ажилтнууд айлаар яваад Х.Баттулгын мөнгийг авсан уу гээд байцаалт явуулсан. Холбогдох газар асуудал тавьж, хариуцлага тооцохыг шаардана, хариуцлага тооцуулахын төлөө ажиллах болно.
Бид өнөөдөр нийгмийн амгалан тайван байдал, нийгмийг эмх замбараагүй байдалд уриалахгүйн тулд хүлээцтэй хандаж байна. Бид бол өнөөдрийн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст хариуцлага тооцохыг шаардах болно. Аливаа хууль бус үйл ажиллагаа гэмт хэрэг хэзээд илэрдэг гэлээ.
Э.Бат-Үүл: Хотын даргад захиргааг зарах эрх байхгүй
Мөн нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хотын дарга С.Батболд “Ардчилсан нам эрх барьж байх үедээ нийслэлийн засаг захиргааны байгууллагын байрыг зарсан байна гэж хэлсэн. Энэ бол гүжирдлэг. Бусдыг гүжирдсэн үйл ажиллагаа явууллаа. М.Энхболд өөрөө нийслэлийн Засаг дарга байсан хүн.
Улаанбаатарын хотын захиргааг зардаг эрх мэдэлтэй албан тушаалтан Монгол Улсад байхгүй. Нийслэлийн Засаг дарга хүн гүтгэж байгааг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдэж байна. Бид нийслэлийг 2012-2016 онд удирдахдаа шилэн болгосон.
Өөрсдөө удирдаж байхдаа харанхуй удирддаг байсан. Нийслэлчүүдийг цагаан цаас гэж доромжилж байгааг эсэргүүцэж байна. Цагаан цаас мэтээр доромжилсон хүмүүст хариу өгөх болно. Үндсэн хууль зөрчөөд байна.
Энэ гүтгэж гүжирдэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Бидний үед 90 гаруй мянган иргэнд цахимаар газар олгосон. Гэтэл одоо 93 мянган иргэнд газар өгчээ гэж ярьж байна. Тиймээс цахимаар газар авсан иргэдийн өмчийг буцааж авах гэж байна уу гэсэн хардлага байна гэлээ.
Г.ДАРЬ