Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах, Нийгмийн даатгалын сангийн алдагдал өсөж байгаа зэрэг шалтгааны улмаас тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар нэмэгдүүлж, 2038 оноос эхлэн 65 насандаа тэтгэвэртээ гарч байх хуулийг Засгийн газар УИХ-аар батлуулсан ч буцлаа.
Одоо УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болохоор заасан юм.
Өөрөөр хэлбэл, өмнө баталсан хуулиар эрэгтэй, эмэгтэй бүгд 65 насандаа тэтгэвэртээ гарахаар хатуу хуульчилсан бол энэ удаад сонголттой болгож, эрэгтэй 53, эмэгтэй 48 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж бүрдэх болж буй.
Эл асуудлыг VS буландаа хөндөж, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нарын байр суурийг онцоллоо.
З.Нарантуяа
УИХ-ын гишүүн
Хоёрхон сарын өмнө олон улсын жишгийн дагуу тэтгэврийн насыг зайлшгүй уртасгах шаардлагатай болсон гэж ярьж байгаад эрэгтэй 65, эмэгтэй хүн 60 настай тэтгэвэрт гардаг байхаар болсон. Гэтэл одоо худлаа байна аа, тэтгэвэрт гарах насаа урагшлуулъя гэж байгааг харахад асуудал хариуцсан яам нь асуудлаа судалж, тооцоолж чаддаггүй юм байна. Эсвэл цэвэр сонгуулийн санал татах зорилгоор хийж буй ажил байна л гэж хэлнэ.
Ер нь энэ Засгийн газрын бодлого нь ойлгомжгүй, тогтворгүй байгаа. Эхлээд Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. Нийт иргэдийн дундаж наслалт 65-70 байгаа. Ийм нөхцөлд олон улсын жишгийг дагаж байна гээд тэтгэврийн насыг 65 болгосон нь ямар ч судалгаагүй арга хэмжээ болсон шүү дээ. Сарын өмнө малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар урагшлуулъя гэж хууль баталчихаад сарын дараа дахиад буцаагаад сунгачихаж байх жишээтэй. Ямар тооцоо ямар бодлого дээр үндэслэж энэ ажлуудыг хийгээд байгаа нь ойлгомжгүй байгаа.Тэтгэврийн насыг хойшлуулсан нь маш хялбар аргаар асуудлыг шийдсэн, иргэдэд маш хохиролтой шийдвэр байсан.
Н.Номтойбаяр
УИХ-ын гишүүн
Нийгмийн даатгалын тухай хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 жил хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн бол тэтгэвэртээ гарах эрхийг нээлттэй болголоо.
Эрэгтэй 35 жил, эмэгтэй 30 жил нийгмийн даатгал төлнө гэдэг асуудал практик дээр буухаар эмэгтэй хүн 48 насандаа тэтгэвэрт гарах бололцоо нээгдэж байгаа бол эрэгтэй нь 53 насандаа эрх нээгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 60, 65 гэдэг настай харьцуулахад нас харгалзахгүйгээр 30, 35 жилээр тооцож тэтгэврээ тогтоолгох, тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байна гэдгийг хэлье. Тэгэхээр тэтгэврийн насыг 1-2 жилээр нэмэгдүүлэх нь хэвээрээ. Гэхдээ энэ хуулийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр бас нэг хувилбарт сонголт бий болж байгаа юм.
Энэ хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа гэж буруу ташаа ойлгосон байна. Нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлж шимтгэлийн орлогын бааз суурийг өргөтгөх хөшүүргүүд оруулж өгсөн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл гэж ойролцоогоор 860 орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулахтай холбогдуулаад олон нийтийн дунд мэдээллийг сайн тараасан. Үүнийг олон нийтийн өмч болгож хуульчилж өгч байна. Өөрөөр хэлбэл, миний, таны, бид бүгдийн хуримтлал үүсгэж өгч байгаа шимтгэл бол олон нийтийн өмч гэсэн үг. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг үзэгдлийг таслан зогсоож сангийн чөлөөт үлдэгдлийг дан ганц арилжааны банкинд хадгалуулдаг, илүү эрсдэл багатай байлгах эрхийг нээж өгөх юм.
Холбоотой мэдээ