–Сонгуулийн хуулийг, дахин санал хураалтыг СЕХ, хуульчид өөр өөрөөр тайлбарлаж байна. Үндсэн хуулийн Цэцэд ч хандахаар болсон. Яг ямар заалтаар явах ёстой юм бэ?
-Сонгуулийн тухай хуулийн 13-р бүлэг буюу “Санал хураалт дахин явагдах” гэсэн бүлгээр энэ харилцаа зохицуулагдаж байна. Сонгуулийн дүн гарахаас өмнө санал хураалт дахин явагдах асуудал яригдана. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Анхан шатны сонгууль гэдгийг нь сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн оролцох сонгуулийг ойлгоно. Хоёр дахь шат гэдгийг олонхийн санал авсан нэр дэвшигчийн бүрэн эрхийг зөвшөөрч УИХ-аас хууль гаргах процессийг ойлгоно. Харин анхан шатны сонгуулийн санал хураалт хоёр үетэй. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авсан бол дараагийн санал хураалт явагдахгүй, олонхийн санал аваагүй бол дараагийн санал хураалт зохион байгуулагдана. Энд ямар нэг маргаан байхгүй. Үндсэн хуульчлагдсан харилцаа.
-Сонгогчийн санал нууцлах үүднээс хэвлүүлсэн дугтуйг зарим санал авах байр огт өгөөгүй. Энд хэн нэгэн хариуцлага хүлээх үү?
-Санал авахад автомат төхөөрөмж ашигладаг болсноос саналын хуудсыг нугалах боломжгүй болсон. Үүний улмаас сонгогчийн саналыг хүссэн этгээд мэдэх боломжтой болоод байгаа. Үүнээс сэргийлж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дугтуй олгож байсан боловч 2016 оны УИХ-ын сонгуулиар СЕХ олгоогүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны сонгуулиар сонгогчийн саналыг хөндлөнгөөс хянаж байсан гэсэн үг. Энэ асуудлаар сонгогчийн хувьд шүүхэд гомдол гаргасан бөгөөд СЕХ нааштай хүлээн авч асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл зарим санал авах байрт санаатай болоод санаандгүй байдлаар сонгогчдод олгоогүй, дээд хэсгийг нь хайчилсан гэх мэт зөрчил гарсан. Зөрчил гаргасан этгээд нь Сонгуулийн хуулийн 4.6, 4.7-д заасан хариуцлага хүлээнэ.
-Саяын санал хураах үеэр хоосон саналаа өгөх гэсэн хүмүүсийг болохгүй гэж буцааж байгаа тохиолдол ажиглагдсан. Сонгуулийг зохион байгуулагчид нь өөрсдөө хуулиа зөрчөөд байгаа юм биш үү?
-Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй. Сонгогчийн сонгох эрхэд хэнд ч халдах боломжгүй. Сонгогч хэнд санал өгсөн, эсхүл хэнд ч санал өгөөгүй гэдгийг өөрөөс нь өөр хэн ч мэдэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн орчинд санал хураалт явагдах ёстой. Хэрэв гаргасан саналыг нь хэсгийн хорооны ажилтнууд ямар нэг байдлаар мэдээд байгаа бол тэр зөрчлийг СЕХ даруй зогсоох үүрэгтэй.
-Санал хураалт дахин явагдахад ирц хүрэхгүй бол сонгуулийг хүчингүй болгож, дахин сонгууль зарлах тухай СЕХ мэдэгдлээ.
-Ирц 50 хувьд хүрэхгүй бол дахин сонгууль явагдана гэж СЕХ-ны дарга мэдэгдэж байгаа нь буруу, ийм хуулийн зохицуулалт байхгүй. Магадгүй 2012 онд хүчингүй болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтыг ярьж байгаа байх. Уг хуулийн 40.1.1-д 50 хувийн ирц хүрээгүй бол УИХ санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт зарлах тухай заасан байсан. Харин Сонгуулийн нэгдсэн хуульд ирц хүрээгүй бол дахин санал хураалт, дахин сонгууль явагдах зохицуулалт байхгүй.
–Саяны санал хураалтаас хойш цагаан хувьсгал, цагаан хуудас зөв, буруу гэсэн мэдээлэл их явагдах боллоо. Энэ нь хуулийн хувьд зөв эсхүл буруу юу?
-Үндсэн хуулийг тайлбарлах этгээд байхгүй ч хэрэглээний хувьд парламент хууль тогтоох замаар Үндсэн хуулийн хэм хэмжээг тодорхой болгож хэрэглэдэг. Үүнээс гадна Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр Үндсэн хуулийн нэг удаагийн хэрэглээний жишгийг эрх зүйд тогтоож өгдөг. Тухайлбал, цагаан хуудас хүчингүй байна гэж хуулиар тогтоож байсан боловч Цэцийн 1996.06.19-ний өдрийн тогтоол хүчингүй болж байсан.
-Цагаан хуудасны улмаас сонгууль хүчингүй болж, дахин сонгууль явагдана гэж зарим хуульч, судлаачид тайлбарлаж байна.
-Санал хураалтын дүн, сонгуулийн дүн нь тусдаа ойлголт. Цагаан хуудас санал хураалтын дүнд бүртгэгдэх хэдий ч сонгуулийн дүнд хамаарахгүй. Хэн нэгнийг дэмжих, дэмжихгүй байх нь сонгогчийн чөлөөт сонголт учраас цагаан хуудсыг Цэцийн шийдвэр, Сонгуулийн хуулиар хүчингүй болгодоггүй бөгөөд санал хураалтын дүнд оруулж тооцдог. Тиймээс цагаан хуудас нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй. Тэр дундаа сонгууль дахин явагдах үндэслэл болохгүй талаар хуулийн зохицуулалт үйлчилж байгаа нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, хуульд хэнийг ч дэмжээгүй саналыг сонгуулийн дүнд оруулан тооцно гэж заагаагүй болно. Сонгуулийн тухай хуулийн 146.1-д СЕХ нь сонгуулийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр болон нийт дүнгээр гаргана гэж заасан ба санал нь тоологдсон сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн УИХ-д өргөн мэдүүлнэ гэж мөн хуулийн 146.2-т заасан болно. Сонгуулийн дүн гараагүй байхад сонгуулийн дүн гаргах гэсэн зүйл заалтыг баримтлан санал хураалтын дүнг гаргаж байгаа нь мөн л хуульд нийцээгүй, хуулиа бүрэн судлаагүй хариуцлагагүй үйлдэл гэж үзнэ.
-Хууль биелүүлдэггүй, Сонгуулийн хуулиа дагадаггүй СЕХ-нд ямар хариуцлага байна?
-Сүүлийн сонгуулиудад СЕХ хуульд нийцээгүй шийдвэр үйл ажиллагааг удаа дараа гаргаж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, бэхэн тэмдэглэгээ хийх зохицуулалт хуульд байхгүй гээд сүүлийн хоёр сонгуульд ашиглаагүй. Саяны сонгуулиар ч гэсэн тал ашигласан. Гэтэл сонгуулийн тусгай тэмдэглэгээ худалдан авах зардал нь сонгуулийн төсөвт байгаад байдаг. Үүнийг санаатай, санаандгүй аль нь вэ гэдгийг мэдэхгүй байна. Түүнчлэн сонгуулийн амин сүнс болсон сонгогчийн саналыг нууцлах тал дээр дорвитой, санаачилгатай ажиллахгүй байна. Үүний илрэл нь сонгогчийн саналыг хөндлөнгөөс зургийг нь аваад цахим сүлжээнд тавьж байгаагаас тод харагдаж байна. Сурталчилгааны үед төрөл бүрийн мэдээлэл авдаг ч эцсийн дүндээ сонголт гагцхүү сонгогч өөрт нь үлддэг. Сонгогч сонголтоо нууцлах орчныг бүрдүүлсэн газар санал хураалт явагдсанаар сонгуулийн дүн бодитой, шударга гэж манай улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр тодорхойлдог болно.
Хууль, шүүх иргэн бүрт тэгш үйлчилнэ. Хууль зөрчсөн хэнд ч хууль хариуцлага тооцох гээд очих байх аа гэж найдаж байна.
-Баярлалаа.