"Манай даргын 47 дүү МАН-д байна"

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

"Манай даргын 47 дүү МАН-д байна"

Сайнжаргалын Ням-Очирт Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд баяр хүргэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-МАН, МАХН хоёр хамтдаа зүтгэхэд болохгүй зүйл байхгүй гэж жиргэсэн байсан. Энэ нь МАН, МАХН эвсэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна уу?

-Би МАН, МАХН эвсэх ёстой гэсэн байр суурьтай байгаа биш. Монгол Улсын эдийн засаг хямарч, 22 их наяд төгрөгийн өртэй байна. Ийм үед аль болох талцахгүй байх ёстой. 1990 оноос өмнө МАХН гэдэг нэг л нам байсан. Одоо бол МАХН парламентад суудал бүхий гурав дахь хүчин. Эдийн засаг, төр, улс төрөөр тоглох гурван хандлага байгааг харж байна. Сонгуулийн үед улс төр хийж болно. Хамгийн гол нь төр, эдийн засгаар тоглосон ямар нэг үйлдэл хийж болохгүй. Жишээ нь, Ардчилсан нам өр тэглэх тухай ярьж байгааг би эсэргүүцэж байна. Буруу гэж үзэж байна. Эхлээд улс орон өрнөөсөө салах ёстой. Би төрд тангараг өргөсөн УИХ-ын гишүүн. Улс орны эдийн засгийн байдал дээр дуугарах ёстой учраас зарчмын байр сууриа илэрхийлсэн.

-МАХН-ын нэр бүхий хүмүүст сайдын суудал амласан гэдэг яриа бий. Энэ үнэн үү?

-Надад болон МАХН-ынханд сайд болооч гэдэг санал тавиагүй. Намайг хоёр тэрбум төгрөг авсан гэж фэйсбүүкээр цацсан байна. Үүгээр дамжуулж О.Баасанхүү гэдэг хүний нэр төрд халдаж байгаа юм биш. Надад итгэж сонгосон сонгогч, миний гэр бүлийн нэр хүндэд халдаж буй үйлдэл. Хоёр алхаад баригдах явуургүй улс төр хэрэггүй. Би энэ асуудлыг тагнуулын байгууллагаар шалгуулна.   

-МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүн таныг хэр зэрэг хүндэлдэг вэ? Энэ хүн танд мэдэгдэхгүйгээр сандал суудлын наймаа хийгээд явж байх магадлалтай юу?

-МАХН-ын нэр бүртгэлийг авч өгөөд, Н.Энхбаяр гэдэг хүнийг шорон гянданд орчихсон байхад нь хөөцөлдөөд, дараа нь энэ намд суудал авч өгсөн хүндээ МАХН-ын дарга хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. Би бол Н.Энхбаяр даргад хувь хүнийх нь хувьд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ МАХН даргаа солих ёстой юу гэвэл тийм. Дээр нь манай нам сонгуулийн хариуцлагаа үүрэх ёстой. Жишээ нь, Э.Эрдэнэжамьян гэдэг залуу бий. Анх Н.Удвал сайд УИХ-ын гишүүн болгох гээд Архангайд нэр дэвшиж байхад менежерээр ажилласан. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад менежерээр ажилласан. Тэр алдаа гаргасан байхад түүнийг бурхан шиг шүтээд, хажуудаа суулгаад, уйлуулж дуулуулаад явж байгаа үйлдлийг бол эгэл жирийн намын гишүүд шүүмжилдэг.

Ерөнхийлөгчийн сонгуулиар 409 мянган хүний дэмжсэн саналыг үнэгүйдүүлэх ёсгүй гэж би үзсэн. Гэтэл зөрүүлээд “409 мянган хүний санал бидэнд хамаагүй”, “бид энэ сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгоно” гэж ярьж байна. Энэ бол зарчимгүй, буруу асуудал. Тэр 409 мянган хүний санал бол дангаараа МАХН-ын санал биш. Улс төрийн 20 орчим нам, шударга ёсны тэмцэгчдийн дэмжлэг. Ийм зүйлийг үнэгүйдүүлж, өөрсдийн эрх ашгийг өмнөө тавих нь зарчимгүй юм.

-Танд сайдын суудал өгье гэвэл та зөвшөөрөх үү?

-МАХН, МАН хоёр зүүний чиглэлийн нам. Зүүний чиглэлийн нам хоорондоо ойлголцоод, зөвшилцөөд явахад юу нь болохгүй гэж. Надад сайд болох сонирхол байхгүй. УИХ-ын гишүүн байх нь надад хангалттай. Манай багийнхан гудамжинд явж байгаа нь хэцүү байна, бид ажилтай байж бодлогоо тодорхойлъё гэж байгаа бол тэднийг бид сонсох үүрэгтэй. Яагаад гэвэл би бие даагч биш. МАХН-ыг төлөөлж энд сууж байна. Хэрэв бие даагч байсан бол өөрийнхөө өмнөөс хариулна. Нам төлөөж байгаа учраас намынхаа бодлого, эгэл жирийн гишүүдийн зорилгын дагуу шийдвэр гаргана. 

-“Цагаан сонгууль” явуулъя гэж МАХН-ынхан уриалаад байна. Та үүнийг дэмжиж байгаа юу?

– МАХН-ынхан биш. Манай намын дарга, С.Ганбаатар хоёр уриалсан биз дээ. МАХН 30 мянган гишүүнтэй. Цагаан хуудас өгөх, үгүй нь тэр хүний хувийн сонголт. Улс төрийн нам сонгуулиар нэр дэвшигчээ дэмждэг болохоос сонгогчдын саналыг тийшээ өг, ийшээ өг гэж залдаггүй. “Хэнийг ч битгий зур” гэж уриалах нь хууль бус. Би өөрөө хуульч хүн учраас хуулийн талдаа л байна.

-“Цагаан сонгууль”-д уриалж болохгүй гэж та намынхандаа болохгүй гэж хэлсэн юм уу?

-Манай намынхан мэдэж байгаа. Намын дарга харин мэдэхгүй байгаа байх. Тэр хүн дуртай юмаа хийж, хүссэнээрээ явж байна. Өөрийнх нь 47 дүү МАН-д байна. Дүү нартайгаа хийж байгаа зодооныг МАХН гэж яриад байж болохгүй. Одоо манай нам бодлого, хөтөлбөрөө гаргаж, урагш явах хэрэгтэй.

-Таны яриаг сонсоод байхад та намын даргатайгаа нэг чигт харахаа больсон мэт санагдаж байна. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Миний яриад байгаа зарчим бол зөв. Би зарчимдаа үнэнч байна. Энэ зарчимтай нийлж байгаа аль ч хүмүүстэй би явдаг. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж