4000 орчим хүн ялгүй болж, суллагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

4000 орчим хүн ялгүй болж, суллагдаж байна

Энэ зун хур бороо элбэг байгаа тул зах, худалдааны төв, хотын төвийн дэлгүүрүүд борооны шүхэр, усны гутал хамгийн их эрэлттэй, гүйлгээ сайтай бараагаар нэрлэгдээд байгаа гэнэ.

Эрүүгийн шинэчилсэн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн хяналтын прокурор Г.Оюунболдтой ярилцлаа.


-УИХ-аас 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн 2016 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжихээр баталсан. Гэвч хууль хэрэгжих бэлтгэл ажил хангагдаагүй хэмээн шинэ парламент хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хэрэгжиж эхэлсэн хууль өмнөх хуулиас ямар ялгаа, онцлогтой юм бэ?

-Шинээр хэрэгжиж эхлээд байгаа Эрүүгийн хууль үндсэндээ ялын бодлогыг уян хатан болгосон хууль болсон. Цээрлүүлэхээс илүү урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг нийгэмшүүлэх, энэрэнгүй ёсны зарчмыг сайн шингээсэн, хүнийг хамгаалах хууль болсон. Шинэ Эрүүгийн хуульд хэд хэдэн онцлог бий. Хохирогчийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдийн ялын бодлогод өөрчлөлт оруулах, ялын бодлогыг илүү уян хатан болгох, цаг үеийн шаардлагаас хамаарсан шинэ төрлийн гэмт хэргийг зохицуулах гэсэн үндсэн хэд хэдэн өөрчлөлтийг хийж өгсөн. Тухайлбал, хохирогчийн эрхийг хамгаалахад томоохон дэвшил болохуйц заалтуудыг оруулж өгсөн. Хохирогчийн эрхийг хангах тогтолцоо бүрдүүлэхэд чиглэсэн. Орчин үеийн Эрүүгийн хуулийн үзэл баримтлал яллах, цээрлүүлэх гэхээс илүү хүнийг хамгаалдаг, гэмт хэрэгтэйгээ тэмцэх чадвартай хууль байх ёстой. Тиймээс гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах гэсэн шинэ бүлэг оруулж өгсөн. Гэмт хэргийн хохирлоо төлж, барагдуулах тусам тухайн гэмт хэрэг хийсэн хүний ял багасна гэсэн санаатай. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэгтэн өөрийнхөө гэм бурууд тохирсон ял авахаас гадна хохирогчдоо учруулсан гэмтэл, хохирлыг барагдуулах тусам оногдох ял нь хөнгөрнө гэсэн үг. Тухайн этгээдэд оногдуулсан ялаасаа хамаараад гуравны нэг, дөрөвний гурав, хоёрны нэг хувийн хохирлыг барагдуулснаас хамаарч ял хөнгөрч байгаа. Өмнө нь бол хохирогч хохироод тухайн гэмт этгээд ял аваад үлддэг байсан бол одоо шинэ хуулиар эсрэгээрээ хохирогчийн хохирлыг барагдуулахыг илүү их чухалчилсан гэсэн үг.

-Ялын бодлогыг уян хатан болгосон гэж та хэлсэн. Тодруулбал?

Шинэ хуульд энэрэнгүй ёсны зарчмыг нэлээн сайн шигтгэж өгсөн алхмуудын нэг нь насанд хүрээгүй хүүхдэд заавал ял оноохгүйгээр хүмүүжлийн арга хэмжээ авах гэсэн бүхэл бүтэн бүлэг. Өмнө нь хүүхдэд оногдуулах ял байхгүй насанд хүрсэн хүнтэй ижил журмаар ял авдаг, зохицуулагддаг байсан. Хуучин бол хүүхэдтэй холбоотой ганц нэгэн хөнгөлөлт байсан боловч бүхэлдээ хүүхдэд хариуцлага тооцох нөхцөл бүрдээгүй байсан. Тодруулаад хэлбэл, шинэ хуулиар хүүхдэд оногдуулах ялыг хоёр дахин багасгасан. Хөнгөн хэрэг үйлдсэн ч хүүхдэд ял оноодог байсан бол одоо насанд хүрээгүй хүүхэд хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг үйлдсэн бол  ял оногдуулахгүй байх зохицуулалт орсон. Таваас доош жилийн ял авах хэрэг үйлдсэн бол насанд хүрээгүй хүүхдэд ял оногдуулахгүй, эцэг эхийнх нь батлан даалтад өгөх, хүүхдийн байгууллага нь тухайн хүүхэдтэй ажиллах боломж олгож байгаа. Тухайн хүүхдийг шийтгээд орхих биш ажиллах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн байгууллага өөрөө хэрэгжүүлэхээр хуульд тусгасан. Өмнө нь бол заавал ял эдэлж, ногоон хувцастай хүн хүүхэдтэй харьцдаг байсан бол нас насны онцлогоор нь тохируулан хүмүүжлийн арга хэмжээ авна. Гэхдээ түүнийг нь хүүхдийн байгууллага болон эцэг эхчүүд хамтарч хийх юм. Түүнээс гадна Эрүүгийн хуулиар зүйчлэгдэж байгаа ялын бодлогод их зоримог шинэ өөрчлөлт оруулсан. Таван жил хүртэлх ялтай, анх удаа хэрэг үйлдсэн гэх мэт хувийн байдлыг шүүхээр тогтоосон бол тухайн хүнд ял оноохгүй байж болох заалт орсон. Гэхдээ ял оноохгүй гэсэн тохиолдолд тэнсэн харгалзах тодорхой эрхүүдийг нь хязгаарлах, албадан ажил хийлгэх, хохирогчийн хохирлыг барагдуулах, явах, очих хязгаар тогтоох, тухайн хохирогчтой уулзахыг хориглох гэх мэт шүүхээс хугацаатай үүрэг өгнө. Тухайн этгээд гэмт хэрэг үйлдээд ял эдлээд суух биш хохирлоо барагдуулах түүнээс гадна тодорхой эрхүүдээ хязгаарлуулна гэсэн үг. Мөн шоронгийн элдэв зан үйлд суралцахгүй, мэргэшсэн гэмт хэрэгтэн болохгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм. Тэгэхээр энэ хугацаанд үүрэг даалгавраа сайн биелүүлээд, хохирлоо барагдуулсан тохиолдолд ялаас нь чөлөөлөх боломжтой. Тиймээс хорихоос өөр төрлийн ялын арга хэрэгслүүдээр тухайн этгээдтэй ажиллаж байгааг тэнсэх интитуци гэж байгаа юм. 

-Яллахаас татгалзаж тодорхой хэмжээний эрх хязгаарлах, торгох, очих, ирэхийг нь хязгаарлахад хяналт тавих бүтэц шаардлагатай байх. Үүнд цагдаагийн байгууллага хяналт тавих уу эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уу?

-Ер нь бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна. Гэхдээ Эрүүгийн хуультай хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд ч өөрчлөлт оруулсан. Үүгээр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба байгуулж, шинэ соёл, хандлагаар хөгжүүлэх ёстой. Хорих байгууллага гэдэг байсан бол дотроо шийдвэр гүйцэтгэх газар, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба зэрэг нь шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд орон нутагт, сумдад цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэх зохицуулалт бий.

-Шинэ хуулиар хэд хэдэн шинэ бүтэц бий болж байгаа гэсэн. Энэ бүтцийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдвэл заавал ял өгөхгүйгээр хүүхдийн байгууллага ажиллахаар хуульчилсан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон бусад холбогдох хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан хороо байгуулах, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн төлөө үндэсний төвийн дэргэд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинээр байгуулсан. Энэ хороо аймаг, дүүрэг бүрт байгуулагдах бөгөөд шийтгэгдсэн хүүхдүүдтэй ажиллана. Энэ мэт олон зүйл шинээр байгуулах шаардлага бий гэхдээ бид одоо байгаа боломжоо ашиглаж, зохион байгуулалтыг шийдвэрлэх асуудал бий. Харилцаа, хандлагыг өөрчилж, яллаж шийтгэснээр асуудлыг шийдэхгүй, тухайн хүнтэй ажиллаж, мэргэшсэн гэмт хэрэгтэн болгохгүй байхын төлөө ажиллах ёстой. Ингэж чадвал бид жилд гарч байгаа 25-30 мянга орчим гэмт хэргийг бууруулна.

-Долдугаар сарын 1-нээс эхлэн 4000 гаруй ялтан суллагдахаар болсон. Эхнээсээ суллагдаж байх шиг байна?

-Одоогоор ял эдэлж буй хүмүүсийг ангилж байгаа. Шинэ хуулиар тодорхой хэмжээний ялыг бууруулж байгаа ялтнууд байхад бүр суллагдаж байгаа ч хүн байна. Тухайлбал, танхайрахыг хэрэг биш зөрчил гэж үзэх болсон учраас тухайн хүн шууд ялаас чөлөөлөгдөнө. Долдугаар сарын 1-ээс бүх хорих анги байрлаж байгаа аймагт шүүх хурлууд эхэлсэн. Ер нь бол шинэ хуулиар тэгшитгэл буюу нэлэнхүйд нь бүгдийнх нь ялыг дүйцүүлж хасч байгаа. Тэгшитгэлээр ял нь хөнгөрсөн бол шууд суллагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хорих ялтай байсан хүнийг хийсэн гэмт хэргийнх нь ял буурсан бол шууд суллагдана гэсэн үг. Зөрлийн хууль батлагдсантай холбогдуулан зарим гэмт хэрэг зөрчил болсон учраас хэрэг нь зөрчил болсон хоригдлууд мөн суллагдаж байгаа. Ерөнхийдөө эхний байдлаар 4400 орчим хүний ялыг дүйцүүлж, суллаж байгаа. Бүх ялтны ял ямар нэг хэмжээгээр буурах бодлого шинэ хуулиар зохицуулагдаж байгаа. Шинэ хуулиар үйлдсэн гэмт хэрэгт тооцогдохгүй болсон, ял нь буурсан эсвэл тодорхой нөхцөлүүдээр хорих ялын хугацаа нь дуусчихсан 4000 орчим хүн өнөөдрөөс суллагдаж байна. Суллагдах нөхцөл үүссэн хүмүүсийг улсын яллагч буюу ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор саналыг харгалзан Эрүүгийн шүүх шийдвэрлэж байгаа.

-Ялын бодлого нь уян хатан орнууд суллагдаж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх асуудалд онцгой анхаардаг. Ер нь хуулийн шинэчлэлүүдэд энэ асуудлыг тусгасан уу?

-Ял эдлүүлээд нийгэмшүүлэх ойлголт их хүндрэлтэй. Нийт гэмт хэргийн тал хувь нь таваас доош жилийн ялтай байдаг. Тиймээс хорихоос өөр төрлийн ял болон тэнсэн харгалзах институтийг түлхүү хэрэглэх ёстой. Мэдээж шинэ хуулиар хорих байгууллагууд дотроо ялтныг нийгэмшүүлэх хөтөлбөртэй байхаар тусгасан байгаа. Энэ хөтөлбөрт суллагдах сэтгэл санааг бэлтгэх зэрэг шинэ заалтууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд орсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шинэчлэл ч энэ хуультай зэрэгцээд эхэлж байна.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нэг шалтгаан бол шинэ төрлийн гэмт хэргийг зүйлчлэх тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан?

-Орчин үеийн нийгмийн харилцаанд гарч байгаа шинэ төрлийн гэмт хэргүүдэд хариуцлага тооцох зүйлчлэлийг шинээр оруулж ирсэн. Тухайлбал, ялгаварлан гадуурхах, мөнгө угаах, эдийн засгийн гэмт хэрэг, зах зээлээс шахаж хууль бус монополь тогтоох гэх мэтчилэн хэргүүд байна. Мөн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, соёлын өвийн хууль бус худалдаа зохион байгуулсан, үрэгдүүлсэн, завшсан, устгасан, зөвшөөрөлгүй малтлага хийсэн гэх мэт үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр шинэ бүлэг оруулж өгсөн. Эрүүгийн хууль 10, 20 жилдээ гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадавхтай байх ёстой гэж үзэж эдгээр заалтыг оруулж өгсөн. Шаардлагатай зарим зүйлчлэлийг бүлэг болгож оруулж өгсөн байгаа.

-Шинэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг илүү оновчтой болгосон гэсэн үг үү?

-10 мянган төгрөг хулгайлаад 10 жил биш зургаан сар, нэг тэрбум төгрөг идсэн хүнд 10 жил өгөөрэй гэсэн санаа. Тиймээс ялын дээд, доод хэмжээ сунаж, шүүгчид илүү их өргөн боломж өгч байгаа юм. Энгийнээр хэлбэл, бага юм хийсэн хүнд бага, аюултай зүйл хийсэн хүнд их ял оноох л ойлголт. Түүнээс гадна хуулийн этгээдэд оногдуулах ялын бодлогыг шинээр оруулж ирсэн бөгөөд торгох арга хэмжээтэй. Хуулийн этгээдийг татан буулгахдаа олон улсын болон терроризмтой холбоотой 13 хуулийн этгээдэд ял оногдуулахаар хуульчилсан. Гэхдээ хуулийн этгээдэд ял оногдуулахдаа хүнд давхар ял оногдуулж болно гэсэн заалтыг оруулж өгсөн. Тодруулбал, тухайн хуулийн этгээдийн захиралд болон компани хоёуланд нь ял оногдуулж болохоор зохицуулсан. Аль нэгийг нь чөлөөлсөн бол нөгөөхийг нь хариуцлагаас мултлах үндэслэл болохгүй гэсэн зүйлчлэлтэй. Энэ бол олон улсын конвенцээр хүлээсэн үүргийн дагуу хуулийн этгээдийг субьектэд тооцох буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн шаардлагын дагуу шинэ хуульд оруулж өгсөн.

Шинэ хуульд цаазын ял байхгүй болсон гээд байгаа. Монгол Улс чинь цаазын ялгүй орон байх аа?

-Өмнөх хуульд цаазаар авах ял байсан. Харин Ерөнхийлөгч уучлалаараа цаазын ялыг халсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ял байхгүй. Бүх насаар нь хорих заалт бий.

-Шүүхийн шинэчлэлийг өмнөх парламентын үед ч их чухалчилж байсан. Энэ удаад ч мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Прокурорын тухай хууль гээд шинэчлэл хийгдэж байна. Хуулийн шинэчлэлүүд хэр бодитой хийгдэж байна гэж та бодож байна?

-Энэ хуулийн шинэчлэл бол их удаан хугацаанд үргэлжилж буй. 2002 оноос хойш энэ бүх хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг, санал авах гээд олон даваа давсан. Тиймээс хуулиуд муудна гэж байхгүй. Илүү сайн болгох хоорондын уялдаа холбоог нь сайжруулахын тулд Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан. Энэ хооронд бусад хуулийн зөрүү, хийдэл, дутагдалтай талуудыг нягталж, 30 хувьд нь өөрчлөлт оруулсан. Цаашид 20, 30 жил үйлчлэх чадвартай  хууль гэж харж байна. Прокурорын хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэх мэт нийт зургаан хууль хоорондоо араа шүд нь сайн нийцсэн хууль болсон гэж бодож байна. 1992 онд эрх зүйн шинэтгэлийн эхний үе байсан бол 2002 онд хоёр дахь шат харин энэ удаагийнх нь эрх зүйн шинэтгэлийн гурав дахь үе шат юм. Эрх зүйн шинэтгэл байнга шинэчлэгдэх учиртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж