90 минутын бичлэг эвлүүлэг биш гэсэн дүгнэлт иржээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

90 минутын бичлэг эвлүүлэг биш гэсэн дүгнэлт иржээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагийн орчимд эхэлж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая хурлыг завсарлууллаа.

60 тэрбум төгрөгтэй холбоотой 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш эсэхийг шинжлүүлэхээр гадаадын хэд хэдэн орон  руу УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хүсэлт явуулсан байна.

Тэрбээр  АНУ-ын “Legal Audio Video” компаниас ирүүлсэн дүгнэлтийг өнөөдөр /2017.07.04/ “Үндэсний мэдээллийн төв”-д танилцууллаа.

Ц.Оюунгэрэл “Дүгнэлт нь долоон хуудас материал ирсэн. Шинжилгээ хийсэн хүн нь монгол хэл мэдэхгүй, материалаа явуулахдаа бид утга санааг нь хэлээгүй. Зөвхөн дууны инженер талаасаа “Эвлүүлэг мөн байна уу, үгүй юу” гэсэн энгийн асуултыг тавьсан. Уг 90 минутын бичлэгт ямар нэг хасалт, эвлүүлэг хийгдээгүй, нэг цаг үед, нэг орчинд бичигдсэн, бичлэг хийсэн төхөөрөмж нь огт хөдлөөгүй, нэг байрлалд хийсэн байна гэсэн дүгнэлт хийжээ. Дүгнэлтэд бичсэн хэсгийг товч уншиж өгье “Надад 2017 оны зургадугаар сарын 28-ны өдөр мэйлээр ирсэн “2014.09.08 90 minut” хэмээх файлыг үзэж нягталлаа. Түүнийг задлан шинжилж дууссаны дараа энэхүү бичлэг дахь яриа нь эвлүүлэг болон хасалт ороогүй гэж дүгнэж байна. Энэхүү бичлэгт гарч буй яриа нь жижиг юм уу дунд зэргийн хэмжээтэй өрөөнд гурван хүний дунд болж байна. Бичлэгийн 0.45 секундын орчим хөдөлгөөний чимээ, гарын үсгийн чимээ гарч байгаагаар тус бичлэгийн төхөөрөмжийн байрыг сольж тавьсан нь мэдэгдэж байна. Үлдсэн бүх хугацааны турш бичлэгийн төхөөрөмж хөдлөөгүй, тогтвортой байрлалд байна” гэсэн байна.

Хуульч О.Алтангэрэл “90 минутын бичлэг анх гарч ирснээс хойш олон асуудал дагуулсан. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх шинжилгээний байгууллага хэд хэдэн дүгнэлт гаргасан.  Эвлүүлэг биш байна гэсэн нэг дүгнэлт гаргасан. Сүүлд давтагдаж явсаар байгаад эвлүүлэг байна гэсэн дүгнэлт болж хувирсан. Нотлох  баримт, шинжээчийн дүгнэлт хөдлөшгүй байх ёстой. Энэ дүгнэлтүүд яагад зөрж байна вэ, дэлхийн тэргүүлэгч зэргийн шинжилгээний байгууллагад өгөхөд ямар ч эвлүүлэггүй байна гэсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуульд “Тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг хөндлөнгийн шинжээчээр оруулж болно” гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний төв гэдэг байгууллага дүгнэлт гаргана гэсэн үг биш” гэлээ.

Шинжилгээг хийсэн гэх “Legal Audio Video” компанийн ерөнхийлөгч Frank Piazza гэх хүнтэй УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл ямар ч холбоогүй, өмнө нь огт очиж байгаагүй гэдгээ хурлын төгсгөлд тайлбарлалаа.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж