Тэтгэлэгтэй сургууль эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Тэтгэлэгтэй сургууль эрэлт ихтэй байна

Тэтгэлэгтэй сургууль эрэлт ихтэй байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ элсэлт, шилдэг боловсрол- 2017” үзэсгэлэн Соёлын төв өргөөний “Уран зургийн галерей” үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 2-6-нд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн гол онцлог нь энэ жил ерөнхий боловсролын сургуулийн XII анги төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд их дээд сургуульд элсэн суралцах батламжаа авч байгаа энэ цаг үетэй давхцаж байна. Үзэсгэлэн яармагт нийт 30 гаруй сургууль оролцож байгаа аж. Дотоодын магадлан итгэмжлэгдсэн сургуулиудаас гадна гадаадын их дээд сургуулиудад зуучлах төвүүд оролцож мэдээлэл өгч, элсэгчдийг бүртгэж байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх их дээд сургуулиуд долдугаар сарын 1-5-ныг дуустал элсэгчдээ бүртгэж байгаа энэ үед төрийн өмчийн их, дээд сургуулийн хуваарьт багтаж чадаагүй, эсвэл гадаадын их дээд сургуульд элсэн суралцахыг хүссэн хүүхдүүдэд хэрэгтэй цогц мэдээллийг нэг дороос өгч байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагч “Модерн экспо” агентлагийн менежер Д.Эрдэнэсайхан хэлж байна.

Энэ үер зарим сургуулийн төлөөлөл, элсэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

ДӨРВӨН ТӨРЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАСАН

“Идэр” дээд сургуулийн дэд захирал Ж.Бурмаа:

-Манай сургуулийн элсэлт 21 аймагт зэрэг явагдаж байна. Манай сургууль дөрвөн төрлийн тэтгэлэг зарласан. 700-800 оноотой оюутнуудад төлбөргүй суралцах ч боломж олгож байна. Суралцах хугацаандаа шилдэг оюутнаар шалгарвал төлбөргүй суралцах 30 оюутныг тэтгэлэгт хамруулдаг. Тэтгэлэгтэй болохоор эцэг эхчүүд, хүүхдүүд сонирхож байна. 400-700 оноотой элсэгчдэд ч бүх тэтгэлгийг ногдуулна. Багшийн, бизнесийн, технологийн гэсэн гурван сургуультай.

МАНАЙ ТӨГСӨГЧИД 100 ХУВЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГ

Хэвлэлийн хүрээлэнгийн “Сэтгүүлч” дээд сургуулийн элсэлтийн ажилтан А.Гантуяа

-Манай “Сэтгүүлч” дээд сургууль 2007 онд байгуулагдсан. Энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ хугацаанд 100 гаруй мэргэжлийн сэтгүүлч төгсгөсөн. Энэ жил 17-20 хүүхэд элсүүлэх төлөвлөгөөтэй. Одоогоор 30 гаруй хүн бүртгүүлээд байна. Эдгээр хүүхдүүдээс ур чадварын шалгалт авч тэнцсэн хүүхдүүдээ элсүүлнэ. Хятад, англи хэлний сонгон нэмж хичээллүүлнэ. Төгсч гараад бүгд 100 хувь ажлын байраар хангагддаг. Манай сургууль мэргэжлийн сэтгүүлч бэлтгэхээс гадна фото зургийн сурвалжлагч, хөтлөгч, редактор, сонины макетчин мэргэжлийг давхар эзэмшиж төгсгөдөг. Төгсөгч нарын эргэх харилцаа холбоо сайтай. Очиж ажилласан газар бүртээ хамгийн сайн ажилтан нь болж сэтгүүл зүйн салбарт амархан танигддаг. Өөрсдөө бие даагаад хамтраад сэтгүүл сонин гаргаж байна. Мөн I, II, III курст үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг.

ЭЛСЭГЧИД ОНООНЫХОО ДҮНГЭЭР ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ

“Их Монгол” дээд сургуулийн сургалтын албаны дарга С.Азбилэг:

-Манай сургууль 1992 онд байгуулагдсан. 25 дахь жилдээ шинэ элсэлтээ авч байна. Манайх олон улсын сэтгүүлч, радио телевизийн сэтгүүлч, олон улсын сэтгүүлч, хуульч, аялал жуулчлалын менежер гэсэн зургаан чиглэлээр оюутан элсүүлж байна. Манай сургуулийг 1500 гаруй хүн төгссөн. 80-90 хувь нь ажлын байраар хангагддаг. Энэ жилээс TOEFL-д бэлтгэх хөтөлбөрийг шинээр эхлүүлнэ. Мөн Японы их, дээд сургуульд оюутан солилцооны гэрээтэй ажилладаг. Манайд элссэнээр Японы их сургуульд маш бага зардлаар нэгээс дээш жил шилжин суралцах боломжтой. Төрийн сангийн зээл, үүсгэн байгуулагчийн нэг сая төгрөгийн тэтгэлэг, “Их Монгол” их сургуулийн нэрэмжит тэтгэлэг, нийгмийн хариуцлагын хөнгөлөлт үзүүлдэг. Элсэгчдийн хувьд онооныхоо дүнгээр хөнгөлөлт эдэлнэ.

Эцэг эхийн төлөөлөл Б.Хажидмаа:

-Манай хүүхэд эрүүл ахуй, хүнсний технологийн чиглэлээр суралцах зорилготой эртнээс төлөвлөсөн. Сургуулиуд мэдээлэл сайн өгч байна. Манай хүүхдийн оноо 450-аас дээш учраас тэтгэлэгт хамрагдах боломжтой. Нийт сургуулиудын төлбөр нь 2.1 сая төгрөг байна. Үүнээс манай хүүхэд одоогоор 200 мянган төгрөг хөнгөлөгдөх боломж байна. Тэгээд бас сургуулийнхаа чанар, магадлан итгэмжлэгдсэн байдлыг судлална.

Ц.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж