Европын холбоо Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг 2018 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгасны хариуд хязгаарлалтын хариу арга хэмжээний сунгалтыг Орос хийсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хүнсний бүтээгдэхүүний хоригийг дахин жил хагасаар сунгалаа. “Оросын холбооны улсын аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай эдийн засгийн арга хэмжээг сунгах тухай” гэсэн Ерөнхийлөгчийн зарлигийг хуулийн мэдээллийн интернэт порталд нийтэлсэн байна.
“ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2004 оны наймдугаар сарын 6-ны зарлигаар хүчин төгөлдөр болсон… дараа нь Ерөнхийлөгчийн зарлигаар хугацааг нь сунгасан тусгай эдийн засгийн арга хэмжээний хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасугай” гэж уг баримтад өгүүлжээ.
Ерөнхий сайд Дмитрий Медведевын толгойлсон засгийн газарт зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээг авах, шаардлагатай үед хоригийн хугацааг өөрчлөх үүргийг Ерөнхийлөгч Путин өгсөн байна.
Үүний өмнө зургадугаар 28-нд Европын холбооны Зөвлөл Оросын эдийн засгийн салбаруудын эсрэг авсан хориг арга хэмжээг 2018 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгасан байв. “Энэ нөхцөлд бид адилхан хариу арга хэмжээ авна” гэж Ерөнхий сайд Дмитрий Медведев хэлсэн байлаа. Үүний дараа нь түүний танхим 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл Оросын хариу хоригийг сунгах тухай саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн байв.
“Ямар нэгэн хязгаарлалтыг төгсгөлгүйгээр сунгаад байхтай холбоотойгоор хэлэхэд, хэрэв манай түншүүд манай эдийн засгийн эсрэг эсрэг хоригийг цуцлах юм бол бид үүнийг бас хийх болно. Учир нь бид Дэлхийн худалдааны байгууллагын асуудалтай тулгарах болно гэж” зургадугаар сарын 15-нд “Шууд нэвтрүүлэгийнхээ” үеэр Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн юм.
Оросын засгийн газар Ерөнхийлөгч Путины зарлигийн дагуу 2014 оны наймдугаар сард Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний хариу болгон АНУ, ЕХ, Канад, Австрали, Норвегигаас хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглосон байв. Хожим хүнсний хоригт нь Албани, Черногория, Исланд, Лихтенштейн, Украин зэргийг хамруулжээ. Эдгээр бүх орнуудад том малын мах, гэрийн тэжээмэл шувууны мах, загас, загасан бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн сүүн бүтээгдэхүүн, бяслаг, хиам, жимс, ногоо, самар зэргийг Орост нийлүүлэхийг хоригложээ.
Хүнсний бүтээгдэхүүний хориг нь харин ч Оросын ХАА-г хөгжүүлэхэд түлхэц болж байна гэж эрх баригчид нь үздэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “сөрөг хориг”-ийг аль болохоор хойшлуулахаар оролдоно гэсэн байлаа. Энэ жилийн хоёрдугаар сард Оросын ХАА-н орлогч сайд Евгений Громыко мэдэгдэхдээ, Орос хориг арга хэмжээний үеэр өөрийн бүтээгдэхүүнээр төрвөн тэрбум долларын импортын бүтээгдэхүүнийг орлуулсан гэж хэлж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР