14 мянган эмэгтэй, 2.5 мянган эрэгтэй өрх толгойлдог | News.MN - Мэдээллийн эх сурвалж

14 мянган эмэгтэй, 2.5 мянган эрэгтэй өрх толгойлдог

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

14 мянган эмэгтэй, 2.5 мянган эрэгтэй өрх толгойлдог

Өчигдөр Өмнөд Суданы хилийн ойролцоох Цэнхэр Нил мужийг агаараас бөмбөгджээ.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар баталсан билээ.  Энэ хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээс уг хуулийн талаар зарим зүйлийг асууж тодруулсан юм.


– Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг батлах шаардлага юу байв. Эдийн засаг хүнд үед халамжийг хавтгайруулсан ийм хууль батлах хэрэгцээ шаардлага байна уу гэж үзэгсэд цөөнгүй байна?

– Монголд өрх толгойлсон 83 мянган эцэг, эх нийтдээ байна. Үүнээс өрх толгойлсон эх 68 мянга, өрх толгойлсон эцэг 15 мянга байдаг юм байна. Харин хуулийн үйлчлэлийн хүрээнд багтах 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх 16,5 мянга байна. Үүний 14 мянга нь эмэгтэйчүүд, 2,5 мянга нь эрэгтэйчүүд байгаа. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх нь нийт өрх толгойлсон эцэг, эхийнхээ 16 хувийг эзэлдэг. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар багагүй тооны эцэг, эхчүүд дэмжлэг авна гэсэн үг.

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд олон байгаа нь өнөөгийн нийгмийн бас нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал бөгөөд 18 хүртэл насны 9 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх ч амьдрал дээр байна.

Эх нь байхгүй, эсвэл эцэг нь байхгүй болоход тэр гэр бүлийн амьдрал ямар хүнд байдалд ордог билээ. Ажил хөдөлмөр эрхлэхэд ч бэрхшээлтэй болчихдог. Хүний амьдрал зовлон хэлж ирэхгүй ээ. Ийм л үед халамж гэж байх ёстой. Үр хүүхдээ, ахмад настнаа, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүсээ халамжлах ёстой.

-Тэгвэл  эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл нь асрахыг дэмжсэн хуулийн цаад  учир шалтгааныг юу гэж тайлбарлах бол….? 

– Монгол Улс 3,5 сая хүн амтай. Жилийн дундаж өсөлт 2,1 хувь байдаг. 2025 онд энэ өсөлт 0,99 хувь болж буурахаар байна гэсэн судалгаа байна. Монгол Улс хүн амаа өсгөх бодлогын хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалинтай ээж хөтөлбөр”, “Өрх толгойлсон эцэг эхийн нийгмийн хамгааллын хууль”-ийг батлахаар тусгасантай холбоотойгоор энэ хуулийг баталсан.

Манай улсын хувьд хүүхдийн мөнгө олгодог нь ард иргэдийн амжиргаанд нэмэр болж талархлыг хүлээдэг. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд биш ч зорилтот бүлгийн хүүхдүүдэд өгч байна. Энэ хууль батлагдсанаар хүүхдийн мөнгөнөөс гадна нэмээд олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүд, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч буй эхчүүдэд тэтгэмж өгдөг болж байна гэсэн үг.

Монгол Улсад хүүхэдтэй 530 588 өрх бий. Үүнээс гурваас дээш хүүхэдтэй 143 037 өрх бий. Нийт 1 068 139 хүүхэд бий. Үүний 59,7 хувь нь хөдөө орон нутагт байгаа. Амжиргааны түвшингээс доогуурх гэр бүлүүд олон хүүхэдтэй эсвэл бүр орлого сайтай өрх олон хүүхэдтэй байна гэж үзэж байгаа нь үнэний хувьтай. Дундаж түвшний амжиргаатай эцэг, эхчүүд маань амьдралаа авч явах, ажил хөдөлмөр эрхлэх гээд олон хүүхэд төрүүлэх боломжгүй байна. Иймээс хүүхдээ 3 нас хүртэл нь ээж нь асрахыг дэмжиж байгаа нь чухал үр нөлөөтэй юм. Түүнчлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох, хөхүүлэхийг дэмжих бодлого бодитой хэрэгжих, үр хүүхдүүд маань эрүүл энх, ээжийнхээ өвөр дээр өсөх боломжийг хангахад энэ хууль тодорхой хэмжээгээр дэм болно гэж үзэж байна.

-Монгол Улс хүн амаа өсгөх бодлогын хүрээнд энэ хуулийг батласан гэж ярилаа. Ийм бодлого баримтлаад үр дүнд хүрсэн бусад улс орны жишиг байна уу?

-Байлгүй яахав. Франц, Белги, Австри улсуудад олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг нь үр дүнгээ өгч байна. АНУ, ОХУ-д хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлдэг ч бодлого байдаг.

-Энэ хуулийг хэрэгжихийг чих тавин хүлээн суугаа хэсэгт халамжийн бодлого нь хэрхэн хүрэхийг мөнгөн дүнгээр нь тайлбарлаад өгөөч?

-Жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, 0-3 хүртэл насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтооно. Одоо хүүхдийг 7 сар хүртэл асарсны тэтгэмж сарын 40 000 төгрөг байдаг. Энэ жишгээс буулгахгүйгээр 3 нас хүртэл нь уг тэтгэмжийг олгоно гэсэн үг.

Мөн өрх толгойлсон олон хүүхэдтэй эх, эцэг улирал тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240 000 төгрөгийг олгоно. Олон хүүхэдтэй гэдэгт 3 ба түүнээс дээш хүүхэдтэй байхыг ойлгоно.

Монгол Улсын хэмээгээр 1054 ихэр хүүхэд байдаг юм байна. Ихэр хүүхдийн тэтгэмжийг 2 ихэр хүүхдийн хувьд тус бүр 1 сая төгрөгийг 4 хүртэл насанд нь багтааж нэг удаа олгодог. 3 ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт 3 сая төгрөг нэг удаад олгодог. Жирэмсний 5 сартайгаас төрөх хүртэл олгодог тэтгэмж ч хэвээр олгогдоно.

Эдгээр тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтоохоор заасан тул эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлээд явах боломжтой юм.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-07-04 27.123.214.114

3 хүртэл хүүхдээ хараад тэтгэвэр авах юм уу бас ажлаа хийгээд цалин тэтгэвэр давхар авах уу Элдэв тэтгэвэр хэрэггүй шүүдээ Тэдэнд ажил олж өгөөч өрх толгойлсон эх ганц бие эцэгт Ажил хийж байгаа хувийн байгууллагуудыг бүх талаар дэмжих юм бол улс орон иргэдийн амьдрал сайжрана гэдгийг яагаад мэддэггүй гишүүд вэ Хувийнхны татвараар тэтгэмж олгодгоо болиочээ

zochin 2017-07-04 183.81.171.99

хүүхдийн мөнгөнөөс гадна дахиад сар бүр 50 0 гэж шал дэмий юм сэдэж байх юм дахиад л мөнгө бэлнээр олгоод л тэрний оронд төрөөс хүүхдээ харж буй ажилгүй эхэд тасарсан болон тасрах гээд байгаа НДШ-ийг л хариуцна гэсэн бол хэрэгтэй санаа байлаа эхчүүд санаа амар хүүхдээ харна монголын хүн ам ч өснө хэтэрхий халамжийн тогтолцоонд ард иргэдийг өөгшүүлж залхуучуудын армийг зузаатгаж байгаа юм

зочин 2017-07-04

өр толгойлсон ээж ганц бие аав гээч

Зочин 2017-07-04 203.91.119.102

гурваас дээш хүүхэдтэй өрх 147 мянга бий Гуравны нэг нь Баян Өлгий аймагт байгаа

ЗОЧИН 2017-07-04 27.123.214.125

ЭНЭ [Хориотой Үг] МУ 3 5 САЯ ХҮНТЭЙ ГЭВ АРГАГҮЙ ИЙМ ЮМ МЭДЭХГҮЙ ХООСОН ТОЛГОЙ МЭДРЭЛТЭЖ БНА ДАА 3 5 САЯ БОЛОХ ЯАГААЧ ҮГҮЙ БОЛООГҮЙ БНА ИНГЭЖ ХУДЛАА ДАНГОСЧ МАН-ЫН СОНГУУЛИЙН ШОУГАА ДЭМИЙРЭХЭЭ БОЛЬ БОЛЬХИ АВХАЙ ГЭРТЭЭ ХАРЬ