Монголчуудтай наймаа хийж болдоггүй

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Монголчуудтай наймаа хийж болдоггүй

Швейцарийн олимпийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Мишель Морганелла Твиттерээр Солонгосчуудыг арьс өнгөөр доромжилсон утгатай зүйл бичсэнээс болж тэмцээнээс хасагджээ.

УИХ-ын чуулганаар олонхоороо хүч түрэн “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчид авах тогтоолын төсөл баталсны дараа Засгийн газар шийдвэр гаргаж, ‘Эрдэнэт’-ийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлсэн. Энэ асуудлаар Монголиан коппер корпорейшн шүүхэд хандсан бөгөөд шүүхээс УИХ-ын шийдвэрийг Засгийн газар, Засгийн газрын агентлаг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан байна гэж үзжээ. Тодруулбал, Засгийн газрыг  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах тогтоол, шийдвэр гаргахдаа ‘Монголиан коппер корпорейшн’ компанийг оролцуулаагүй, тэдний тайлбар, хүсэлтийг сонсоогүй гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүх буруутгажээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, иргэний хөдөлгөөнийхөн жагссан шалтгааныг “Эрдэнэт” үйлдвэрийн захиргаа хүний нөөцийн орлогч Д.Мөнхболд “Хүмүүсийн сэтгэл айдастай байна. Ажлаас халагдах вий гэж айж байгаа”-тай холбон тайлбарлажээ. Аргагүй шүү дээ, “Эрдэнэт” үйлдвэр эрх баригчдын хамаатан садан, найз нөхдөөр дүүрсэн, ажилгүй болох вий гэж айж байгаа нь намчид, дарга нар л байгаа байх.

‘Эрдэнэт’-ийн ТУЗ долоон хүнээс бүрддэг. Үүний дөрвийг нь Засгийн газар, гурвыг нь ‘Монгол зэс’ компани томилсон ч Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Д.Ганболд, О.Орхон, Л.Мөнхбаатар нарыг чөлөөлж, оронд нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон билээ. Харин энэхүү томилгоог шүүх хууль бус гэж шийдвэрлэсэн.

Оросын “Ростех” компанийн мэдэлд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс компани” худалдаж авсан асуудал  өнгөрсөн оны өдийгөөс эхлээд бүтэн нэг жил улстөрчдийн, улс төрийн намуудын “могойд барьдаг”  мод болж хувирсан.  Ёстой л “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр  “Эрдэнэт”-ийг зуун хувь  Монголд авч ирсэн биш хулгайч, худалчаараа дуудуулж, эцэстээ өмчөө дээрэмдүүлээд үлддэг нь  хаанахын хууль вэ?

“Оросууд 49 хувиа монголчуудад биш казакуудад зарчихсан бол яах байсныг өнөөдөр хэлэхэд тун хэцүү. Ямар байсан Монголын парламент зуун хувьд төрд авах шийдвэр гаргаж чадахгүй нь тодорхой.

Ийнхүү “Эрдэнэт” сүүлийн хоёр сонгуулийн гол том хэрүүлийн сэдэв болж байна. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, Монголын топ татвар төлөгч үндэсний ганц үйлдвэр маань шүү дээ.

Намууд нэр дэвшигчээ тодруулсан тавдугаар сараас хойш бүтэн хоёр сар монголчууд улс төржлөө.  Хоёр талд гараад хоёр сар “байлдлаа”, монголчууд.  Энэ их улстөржилт цаашдаа Монголын хөгжил, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр болж. 

Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх гэсэн нэр дэвшигчид  улс орныхоо эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, хөрөнгө оруулалтаараа туг тахих нь холгүй байна. 

Төсвийн алдагдал нь хагас тэрбумд хүрсэн / тавдугаар сарын байдлаар/, эдийн засаг тогтворжсон ч гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй, гадаад өрийн хэмжээ таазаа хэдийнэ давчихсан нөхцөлд  “Эрдэнэт”-ийн асуудлаар төр ба хувийн хэвшил хамтраад шийдлээ олж чадвал гадаад зах зээлд сайн сигнал болж чадна. Харин шүүхийн шийдвэрийг төр нь үл хүндэтгэх аваас бид гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдаа үргээж ч мэдэх юм.

Учир нь бидний энэ их улс төржилт “Монголчуудтай наймаа хийж болохгүй” гэсэн ойлголтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж мэдэхээр, бүр улсаа  доог тохуу болохоороо нэг боллоо.

Бүх зээлээ төрөөр төлүүлээд, бүх компаниа зуун хувь төрдөө аваад буцаад социализм руугаа үсрэх үү, ингэхэд?

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж