Г.Анударь: Би хар, цагааны шулам

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Г.Анударь: Би хар, цагааны шулам

“Орхон эсгий” хоршооны эсгий, эсгий эдлэл, “Орхон Мандал” компанийн гурил зэрэг орон нутгийнхаа нэрийн хуудас болсон ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгожээ.

“Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн оролцогч Г.Анударьтай зөн билэг, шулмын хүчний талаар ярилцлаа.


-Та өөрийгөө шулам гэж танилцуулдаг. Монголд шулмын чадалтай хүмүүс төдийлөн ил гараад байдаггүй болохоор хүмүүс их гайхаж байж мэдэх юм. Харин таны чадал бусдаас юугаар ялгарч, шулам гэдэг онцлогийг тодотгож байгаа вэ?

-Нэвтрүүлэг орох болсон том шалтгаан нь энэ юм. Харын засал, харын дом гэхээр хараал хийдэг гэж ойлгодог. Цагааных гэхээр шившлэг шившдэг, маань уншдаг, сүү өргөдөг болоод явчихдаг. Тэгэхээр цагааны шулам бол илүү их энергийн талдаа байдаг. Харынх бол илүү ахуйн талдаа байдаг. Түүнээс хараал ерөөл хийдэг гэдэг утгаар биш. Би үүнийг хүмүүст ойлгуулах гэж нэвтрүүлэгт орсон. Бид үйлээ хийж эхлэхийн өмнө өөртөө, гэр бүлийнхэндээ, багшдаа буруу алхахгүй гэсэн тангараг өргөдөг.  Миний буруу алхсан үйлээс болоод удам угсаа минь дордохыг би харж чадахгүй. Хоёрдугаарт, үйлийн үр гэдэг зүйлийг хүмүүст ойлгуулах нь чухал. Үйлийн үр нь барагдаж дуусаагүй хүний өмнөөс  засал хийгээд нэмэргүй. Яагаад гэвэл үйлийн үр барагдаж дуусах ёстой. Хувь тавилан гэдгийг өөрчлөх боломжгүй. 

-Шулам дотроо цагаан, хар гээд хоёр төрөл байдаг гэж байна. Та аль талынх нь шулам бэ?

-Би хоёуланг нь хийдэг.  Хүмүүс бөөгийн онгод тэнгэр гэж ярьдаг. Надад эцгийн талаас тэнгэртэй, эхийн талаас доод газрын шулмын удамтай. Тэгэхээр надад шашны зөрчил үүсдэггүй.   

-Танай удамд үзэж харж, мэргэлдэг хүмүүс байсан уу?

-Цаг үеийн байдлаас шалтгаалаад өөрийнхөө чадварыг ил гаргадаггүй хүмүүс байсан. Гэхдээ хөзрөөр үздэг, арга засал хийдэг байсан. Өөрсдийн чадвараа нууж амьдардаг байсан гэж сонсож байсан.

-Шулмын чадвартай гэдгээ хэзээнээс мэдсэн бэ?

-Шулмын чадвар удамд минь байсан болохоор намайг төрөхөд өвлөгдөж ирсэн. Энэ чадвараа би ухаан ороод мэдсэн. Хий юм хардаг байсан. Гэхдээ жоохон хүүхэд байсан болохоор амьд эсэхийг ч мэддэггүй байсан.

Монголд шулмын чадвартай өөрсдийгөө нууж амьдардаг эмэгтэйчүүд маш их бий. Яагаад гэхээр хүн үзэж харна гэдэг нь маш их хатуужил тэсвэр тэвчээр, ёс зүй, энэрэнгүй байдлыг шаарддаг. Бид зөвхөн хүний зовлонг сонсоод гаргах биш, хүнээ үзсэн шиг үзээд бүх сэтгэлээ дэвсэж хандах ёстой. Дараа нь сайн мууг ялгадаг байх юм. Муу үйл хийгээд өгөөч гээд маш их хэмжээний мөнгө аваад ирвэл яах вэ гэдгээ бодож, дэнсэлдэг байх ёстой. Би муу үйл хийлээ гэхэд үйлийн үрийг найм, есөн үе удмаараа үүрнэ. Тиймээс муу үйлээс татгалзах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Хүн үзэж, харах мэдрэмж байгаад хангалттай биш. Хийж буй үйлдээ ихээхэн ёс зүйтэй, хариуцлагатай хандах ёстой. Өөрөө сөрөг хүн байж бусдад сайн сайхан зүйл хийх боломжгүй.

-Өөрийнхөө далдын чадварыг хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Ямар үйл хийх гэж байна, юутай тэмцэх гэж байна вэ гэдгээс шалтгаалдаг. Хүний биед 30,40 жил суусан албинтай ч тэмцэж болно. Бүх зүйл өөр өөр байдаг. Чадвар хөгжүүлэхээс илүү алдсан энергиэ хэрхэн нөхдөг вэ гэж асуувал илүү оновчтой байх.

Би энергиэ тодорхой цаг хугацаанаас хамаарч өөр өөрөөр нөхдөг. Жишээ нь тэмцээнд орохоос өмнө усаар энергиэ нөхдөг байсан. Тэмцээний дунд үеэс эхлээд маш ихээр энергиэ алдсан. Тэр эрчээрээ энергийн цоорол үүсэж байгаа юм. Тиймээс хоолоор нөхдөг болсон. Сорилд орохын өмнө би хоол иддэг, сорилоос гарч ирээд дахиад хоол иддэг. Тэгэхээр цаг үеэс шалтгаалаад энергиэ нөхөх явц өөрчлөгдөнө. Магадгүй би сарын дараа өөр зүйлээс энергиэ нөхдөг болчихсон байж мэдэх юм.

-Нэвтрүүлгийн хамгийн хэцүү даалгавар юу байсан бэ?

-Амархан хэцүү гэхээс илүү миний хийхэд ойр зүйл гэвэл оновчтой байх. Даалгавар бүр тодорхой шалгууртай. Надад шалгуурыг мэдрэхгүй, чадахгүй байх вий гэдэг асуудал тулгарч байгаагүй. Хамгийн том саад болсон хэцүү сорилт бол буудлын өрөөнөөс хүн олдог сорилт байсан. Жирийн нөхцөлд тэр хүнийг олох байх. Гэтэл надад маш их хаалт, маш их энергийн бөөгнөрөл байсан. Тийм үед л хэцүү байдаг.

-Нэвтрүүлгийн үеэр зөн билэгтнүүд нэг нэгэндээ хаалт тавьсан уу?

-Нэвтрүүлгийн явц дунд тийм зүйл аажмаар байхгүй болсон. Одоо бол шилдэг дөрвөн оролцогч маань хоорондоо маш эвсэг байдаг. Хаалт гэдэг зүйлийг өөртөө итгэлгүй, өөрийгөө дутуу үнэлдэг хүн хийдэг байх гэж боддог.

-Долдугаар сарын 9-нд “Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн шилдэг оролцогчийн цомыг хэн атгах бол?

-Анх тэмцээнд орох гээд бүртгүүлж байхад надад нэг бодол төрсөн. Би хоёрдугаар байранд орно гэдэг мэдрэмж төрсөн. Тэр үед урьдчилаад харчихсан болохоор би түүний эсрэг яах ёстой вэ гэж тэмцэж байгаа. Мэдээж миний хүсэл бол нэгдүгээр байранд орох юм.

-Хэрэв нэвтрүүлгийн ялагчаар тодорвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Би нэвтрүүлгийн дараа 14 хоног утсаа салгаад, хөдөө явна.

-Нэвтрүүлэгт орсны дараа нь ямар өөрчлөлт мэдрэгдэж байна вэ?    

-Өөрчлөлт гарсан. Би ямар ч нөхцөлд зориод ирсэн хүнийг “ядраад байна” гээд буцааж болохгүй юм байна гэдэг бодол төрсөн. Хүмүүс сорилын туршид гаргаж байсан амжилтыг хүсээд байдаг. Гэтэл цаг үе, энергийн байдлаас шалтгаалаад янз бүр байдаг. Гэхдээ хүний итгэлийг алдаж болохгүй гэдгийг маш сайн ойлголоо. Гадуур явж байхад зарим хүн ирж гар бариад, хамт зургаа авхуулах үе байдаг. Гэхдээ тэр бол надад хүнд санагддаггүй. Хүмүүс намайг хүндэлж байгаа нь гоё байна. Цаашид хүмүүсийн хүндлэлийг даах ёстой гэж боддог.

-Үздэг хардаг хүмүүс мөнгө төгрөг нэхэх тохиолдол нийтлэг байдаг. Үүнийг та юу гэж дүгнэдэг вэ?

-Энэ бол харьцангуй ойлголт. Би засал хийгээд маш их энергиэ алдаад, хүнээр өргүүлж гарах тохиолдол байдаг. Тэр үйлийн дэнчин гэдэг зүйл байна. Түүний хариуд мөнгө гэхээс илүү чин сэтгэлээс хандах нь чухал. Мэдээж үзлэгийн хариуд тодорхой хэмжээний мөнгө байх нь зүйн хэрэг. Тэглээ гээд мөнгөнд шунаагүй. Зорьж ирсэн хүнээ хараад зарим тохиолдолд “би мөнгө авахгүй” гээд гаргадаг. Зарим үед таксины мөнгө өгөөд явуулдаг.   

-Одоо танай удамд дараагийн шулам хэзээ тодрох вэ? Ойр дотны хүмүүсээс чадвартай гэх хүн ажиглагдаж байна уу?

-Чадвартай гэж мэдэгдсэн зүй байгаа. Гэхдээ яг тэр хүүхэд маань энэ замаар явахыг хүсэх үгүйг би хэлж мэдэхгүй. Өөрийнх нь сонголтыг хүндэлнэ. Гэхдээ удмын хүч тасрахгүй гэж итгэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж