“Зөн билгийн тулаан- Монголд” нэвтрүүлгийн дөрвөн шилдэг оролцогч мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Т.Алтанцэцэг, Г.Анударь, Н.Батцэнгэл, Б.Эрдэнэсан болон төслийн ерөнхий продюсер С.Ангараг оролцлоо.
Нэвтрүүлгийн Шилдэг зөн билэгтэн тодруулах дугаарыг долдугаар сарын 9-нд “NTV” телевизээр шууд дамжуулах аж.
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг Монгол Улс албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэх 22 дахь орон болжээ. Ингээд эхний шатанд 200 гаруй зөн билэгч оролцжээ. Энэхүү нэвтрүүлэг нь давхардсан тоогоор 2,7 сая иргэнд хүрч чадсаныг нэвтрүүлгийн зохион байгуулагчид онцоллоо.
Ингээд хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн шилдэг зөн билэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
“Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн оролцогч Т.Алтанцэцэг:
-Би энэ нэвтрүүлэгт оролцох болсон зорилго маань Монголын зөн билэг ямар хэмжээнд явж байгааг мэдэхийг хүссэн. Хоёрдугаарт, бөөгийн мөргөлийг зөв талаас нь тайлбарлах, ойлгуулахыг зорьсон. Нэвтрүүлгийг хамгаалалт сайтай, нууцын задаргаа байхгүй зохион байгуулж байгаа.
“Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн оролцогч Г.Анударь:
-Би энэ тэмцээнд орж байгаа миний хамгийн том зорилго бол зөн билэг гэдгийг харуулахыг зорьсон. Тэр дундаа харын шид, хараал жатгатай холбоогүй гэдгийг харуулахыг зорьсон. Бөө мөргө, шарын шашин бүгд нэг зүг явж байдаг. Тиймээс энэ бүхнийг эерэг талаас нь харуулахыг хүссэн.
“Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн оролцогч Б.Эрдэнэсан:
-Би Монголын бөө мөргөлийг залуучууд хэрхэн авч явж байгааг харуулахыг зорьсон. Мөн өөрөө хэр хэмжээнд явж байгааг мэдэхийг зорьсон. Миний хэтийн зорилго бол улс эх орон, ард түмэн, хангай дэлхийдээ жижиг ч гэсэн зүйл үлдээхийг хүсэж байгаа. Тэр зүйлийн маань суурь болж өгсөн гэж бодож байна.
“Зөн билгийн тулаан-Монгол” нэвтрүүлгийн оролцогч Н.Батцэнгэл:
-Би онгод тэнгэрийн хүчийг ашиглахгүй зөвхөн өөрийнхөө хүчийг ямар түвшинд байгааг мэдэхийг зорьсон. Онгод тэнгэр буух бүрт улаачид хүч адал хайрладаг. Тэр хүчийг ард түмэнд ямар байдлаар түгээх нь их чухал. Тиймээс би тэнгэрээс өгсөн хүч чадлыг эергээр ашиглаж байгаа. Нэвтрүүлгийн зарим сорил дээр онгод тэнгэрийг буулгаагүй. Өөрийн биед ирж байгаа тэр хүчийг эерэг ашиглаж чадаж байгаа гэж бодож байна.