Хөшигний цаана: Мессигийн тансаг хурим

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Хөшигний цаана: Мессигийн тансаг хурим

Хөшигний цаана: Мессигийн тансаг хурим

Лионель Месси саяхан унаган багын хайр дурлалын эзэн, сүйт бүсгүй Антонела Роккуззотой өнгөрсөн долоо хоногт хуримласан. “Зууны хурим” гэгдсэн тэдний тансаг ёслолын дуулиан одоо хэр нь намжаагүй байна.

Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгт зүй ёсоор нэрлэгддэг Аргентины хөлбөмбөгч Лионель Месси цалин, гэрээний хөлс гээд жилдээ 80 сая ам.долларын орлоготой. Энэ хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтын гуравт эрэмбэлэгддэг. Тиймдээ ч хуримын ёслол дэндүү тансаг, гайхалтай болж өнгөрснийг шар хэвлэлүүд мэдээлж байна.

Мессигийн төрөлх хот Росарио /Аргентин/-г доргиосон хуримын ёслол хотын төвд орших City Center Rosario цогцолборт болжээ. Хуримын зочдын дунд Луис Суарез, Сеск Фабрегас, Хавьер Машерано, Карлес Пуйол нарын хөлбөмбөгийн одод цугласан байсан гэнэ. Мэдээж Месси, Антонела нарын хоёр хүү хуримын хамгийн нандин зочин, бас гэрч нь байлаа.

Хуримын урилгыг дагалдсан санамжид зочдыг хэд хэдэн төрлийн хувцастай ирэхийг, бас гар утас дотогш нэвтрүүлэхгүй болохыг сануулсан байжээ.

Хэвлэл мэдээлэлд хаалттай болсон хуримын ёслолын хамгаалалтад 450 цагдаа ажилласан гэнэ. Гэхдээ зочдын дундаас хуримын үеэрх гэрэл зураг, видео бичлэгүүд сошиал сүлжээнд тавигдсан бөгөөд хуримын албан ёсны гэрэл зурагчны зургууд мөн өчигдрөөс цацагдаж эхэлсэн юм.

Хар багаасаа үерхэж дотноссон Лионель Месси /30 настай/, Антонела Роккуззо /29 настай/ нарын хуримын ёслол Аргентины Росарио хот дахь таван одтой тансаг зэрэглэлийн цогцолборт 2017.06.30-нд болсон юм.

Касино, амралт, зочид буудал гээд бүгдийг цогцлоосон City Center Rosario-д тэдний хурим болжээ.

Хуримын ёслолын өнгө төрхийг харуулсан анхны зургийг сүйт бүсгүй өөрөө Инстаграмдаа оруулсан юм.

Сүйт бүсгүйн даашинзыг Мадридын дизайнер Роса Клара урлажээ. Нямбайлан урласан тансаг гоёлыг хувийн онгоцоор Аргентинд хүргэсэн гэнэ. Харин сүйт хархүү Giorgio Armani-гийн дэгжин хослол сонгожээ. Тэдний хоёр хүү Тьяго, Матео нар ч Armani-гаар гоёсон байв.

Антонелагийн хуримын гутлыг Аргентины загвар зохион бүтээгч Рики Сарканигийн гараар урласан гэнэ. Гутлын уланд “Анто”, “Лео” гээд хосуудын нэрийг бичжээ.

Хуримын зочдын зоог франц, итали маягийн тансаг зэрэглэлийн хоол, бас Аргентины уламжлалт махан зоог, сүши гээд олон орны амт шингээсэн сонголттой байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж