Хойд Солонгос өнөөдөр үүрээр 03.40 цагийн орчим цөмийн дуужин харвасныг хэвлэлүүд мэдээлж байна. Японы NHK сувгийн мэдээлснээр пуужин 40 минут орчим нисч Японы эргийн эдийн засгийн бүсийн усанд унажээ. Хойдууд цөмийн пуужин харвасныг Өмнөд Солонгосын Цэргийн ерөнхий штаб мөн нотолжээ.
Пуужинг Хойд Солонгосыг хойд хэсгийн Пенан-Пукта хавиас харвасан байна.
Пуужин харвасны дараахан Японы холбогдох албаныхан Японы тэнгист байсан хөлөг онгоцуудад анхааруулга өгсөн байна.
Энэ он гарсаар Хойд Солонгосын пуужингийн туршилтын давтамж ойртсон. Өнгөрсөн гуравдугаар сард нэгэн зэрэг дөрвөн пуужинг харвасан тохиолдол хүртэл гарсан. Энэ удаагийн пуужингийн туршилт нь он гарснаас хойших 11 дэх удаагийнх юм.
Пуужингуудын бай нь Японд байгаа болон Номхон далайн арлуудад байгаа АНУ-ын цэргийн баазууд юм.
АНУ өнөөдөр Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байгаа. Энэ өдрийг угтуулан Хойдуудын хийсэн энэ үйлдэлд эгдүүцэж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жиргэсэн байна. “Хойдууд дахин пуужин харвалаа. Энэ залууд илүү дээр хийх ажил байхгүй гэж үү. Өмнөд Солонгос, Япон улс үүнтэй удаан эвлэрнэ гэдэгт итгэхэд бэрх. Магадгүй Хятад Хойд Солонгосын эсрэг шийдвэртэй алхам хийж, энэ утгагүй явдлыг нэг мөсөн дуусгах байх” хэмээн Трамп жиргэжээ.
А.ТУЛГА