Гучин хэм давж халсан зуны аагим халуун өдрүүд бидний тэвчээрийн хязгаарыг шалгаж байна. Орсон ч, гарсан ч халуу төөнөж, амьсгал давчдуулсан зуны бүгчим шөнийг сэрүүхэн давахад тань туслах хялбар аргуудыг танд зөвлөе. Ядаж л арай дээрдэнэ гэдэгт итгээрэй.
1. Цэвэр даавуун материалтай цагаан хэрэглэл
Зуны бүгчим халуунд торгон, торгомсог, гялгар, нийлэг материалтай ор дэрний хэрэглэлээс татгалзаарай. Зөөлөн, дулаан өнгөтэй, агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх цэвэр даавуун материалтай цагаан хэрэглэл танд бага ч болов тус болно.
2. Хөнжил ба хөлдөөгч
Унтахаар хэвтэхээсээ хэдэн минутын өмнө хөнжил, дэвсгэрээ хөлдөөгчид хийгээд түр байлга. Гялгар уутанд хийхээ мартав аа. Энэ арга таныг бүхэл шөнийн туршид сэрүүцүүлж чадахгүй ч орондоо ороод гүн нойрондоо автах хүртэлх хугацаанд бол хангалттай.
3. Мөстэй сав
Хүйтэн, халуун аль ч улиралд нэг супер арга байдаг. Усны саванд ус хийгээд жин болгож ашиглах. Усны саванд ус хийж хөлдөөгөөд хүйтэн жин байдлаар ашиглаж болно. Бас унтахдаа дэрнийхээ хажууд тавьчихаж болно.
4. Нүцгэлэх хэрэггүй
Халууцаж байна гээд заавал нүцгэлэх хэрэггүй. Харин сул загвартай, зөөлөн, даавуун дотуур хувцас, шорт, цамц өмсөөрэй. Зарим хүмүүс халууцлаа гээд хувцсаа тайлаад нүцгэлчихдэг. Ингэснээрээ сэрүүцэж байна гэдэг ч үнэн хэрэгтээ бие хөлөрч, хөлс биед наалдсан хэвээрээ л байдаг. Эсрэгээрээ нимгэн даавуун хувцас өмсвөл хөлсийг ядаж шингээж авах болно.
5. Бүтээлч бай
Өрөөгөө сэрүүцүүлэхээр тавьсан сэнс чинь халуун агаар үлээж, байдлыг бүр ч дордуулж байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл томоохон аяганд, эсвэл задгай амсартай саваар дүүрэн мөстэй ус хийгээд сэнснийхээ яг урд нь тавиарай.
6. Биеийн дулаанаа буулга
Асар богино хугацаанд сэрүүцэхийг хүсвэл нимгэн арьстай, судас тодрон харагддаг бугуйн дотор тал, чихний ар тал, тахим, тохойны нугалам, цавь, хөлийн шагай орчимд мөстэй хүйтэн жин тавиарай. Биеийн дулаан богино хугацаанд буурах болно.
7. Ганцаардмал чоно
Уучлаарай, дурлалт хосууд аа. Гэхдээ ганцаараа унтсанаар илүү сэрүүн байх болно.
8. Унтахын өмнөх аяга ус
Орондоо орохын өмнө нэг аяга ус уух нь шингэний дутагдлаас сэргийлнэ. Халуун, бүгчим орчинд шөнийн турш нааш цааш хөрвөөж, эргэж, хөлөрснөөр бие их хэмжээний шингэнээ алдана. Үүнээс сэргийлэх зорилгоор унтахынхаа өмнө багахан ус уухыг эмч нар зөвлөж байна. Харин шөнө дунд босож, угаалгын өрөө орохгүйн тулд нэг аягаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэнэ.
9. Хүйтэн шүршүүр
Унтахын өмнө хүйтэн бүлээн шүршүүрт орсноор биеийн дулаан буурч, улмаар хөлрөх нь ч багасна. Энэ нь таныг амар тайван нойрсоход тань туслах болно.
10. Газар унт
Халуун агаар дээш хөөрдөг. Тиймээс өндөр орон дээр биш, харин газар ор засаад унтах нь илүү таатай санагдах болно.
11. Гэрлээ унтраа
Гэрлийн чийдэн багагүй хэмжээний дулаан ялгаруулдаг. Тиймээс шаардлагагүй бол гэрлээ унтраах нь зүйтэй. Тэгээд ч зуны улиралд үдшийн 20.00 цаг хүртэл гэгээ тасрахгүй учир аль болох байгалийн гэрлийг ашиглаарай. Бас LED гэрлийн чийдэн дулаан бага ялгаруулдгийг мэдэж авахад гэмгүй.
12. Нойтон алчуур өлгө
Нээлттэй цонхныхоо наана том алчуур, эсвэл зузаавтар даавуу хүйтэн усаар норгоод өлгөөрэй. Агаар цэвэршиж, өрөөний температур ч буурах болно.
13. Хоол хүнс ч бас хамаатай
Оройн хоолондоо болж өгвөл салат, зууш зэрэг хүйтэн хоол хэрэглээрэй. Нэгдүгээрт, халуун плитка ажиллуулах шаардлагагүй, түүнээс чухал нь хүнд, махан хоол идсэний дараа хүний бие тэр хоолыг шингээхийн тулд их хэмжээний дулаан ялгаруулдаг. Тиймээс ногоо, жимс зэрэг аль болох хөнгөн хоол сонгоорой.
14. Хувин дүүрэн хүйтэн ус
Орой унтахдаа орныхоо дэргэд хүйтэн устай хувин тавиад унт. Шөнө дунд хөл халуу оргиод,халууцаад унтаж чадахгүй бол хувинтай усанд хөлөө дүрээрэй.
15. Гурвалжин будааны ид шид
Гурвалжин будааны дэр толгой сэрүүцүүлж, амраадаг. Харин цагаан будааг оймсонд хийж дүүргээд, амыг нь уяж битүүлээд, хөлдөөгчид нэг цаг гаруй байлгана. Хүйтнээ удаан хадгалж, таныг сэрүүцүүлэх аятайхан жин байх болно.
Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ