Орос, Хятад ба 10 тэрбумын гэрээ

Хуучирсан мэдээ: 2017.07.04-нд нийтлэгдсэн

Орос, Хятад ба 10 тэрбумын гэрээ

“Киви” хамтлагийнхан хэсэг хугацаанд нам жим байгаа ч тэд уран бүтээлээсээ холдоогүй аж.

БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Си Жиньпины энэ удаагийн айлчлал нь ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын сүүлийн гурван сарын хугацаанд хийсэн гурав дахь удаагийн уулзалт юм. Мөн Си Жиньпины Германыг зорих цорын ганц зам билээ. Тэрбээр “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй уулзахаар төлөвлөж байгаа ажээ.

ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын албан ёсны хөтөлбөр олон нийтэд ил тод болоогүй. Гэхдээ айлчлалын төгсгөлд хоёр тал мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэхдээ тэд хоёр талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага болон олон улсын чухал асуудлаар нэгдсэн байр сууриа илэрхийлэх юм.

Оросын судлаач Алексей Маслов хоёр жилийн өмнө ОХУ болон БНХАУ-ын уулзалт протоколын шинж чанартай байсан бол өнөөдөр тэдний яриа хэлэлцээ хөрсөн дээр бууж, ажил хэрэг болох шатандаа явж байна гэдгийг онцлов. Мөн тэрбээр хоёр тал итгэлцлийг бэхжүүлэх анхны алхмаа даван туулсан гэжээ.

 

Айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудал хөндөгдөнө. Үүнд, Сибирийн хүч”, “Сибирийн хүч-2” болон “Алтай” байгалийн хий дамжуулах хоолойн төслийн бүтээн байгуулалт болон “Торгоны замын эдийн засгийн бүс” төслийг  Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах, улмаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлд хоёр тал ажиллахаар төлөвлөж байна гэж шинжээчид онцолж байна. Харин гадаад бодлогын хүрээнд ШХАБ-ыг өргөжүүлэх асуудал хэлэлцэгдэнэ гэв.

“Хятад улс өнөөдөр өөрчлөгдсөн. Тэд олон улсын тавцан дахь байр сууриа өргөжүүлэх замаар эдийн засгаа тогтворжуулахад анхаарч байна. Мөн ОХУ болон БНХАУ-ын  улс төр, эдийн засгийн харилцаа шинэ хэлбэрт шилжиж байгаа. Иймээс тэд ойрхон уулзаж байх хэрэгтэй” гэж шинжээчид үзэж байгаа ажээ. Мөн Орос хөрөнгө оруулалт хийх, орлого татах тодорхой төсөл дээр БНХАУ-тай хамтран ажиллах хэрэгтэй гэж судлаач Алексей Маслов сануулсан байна. 

Айлчлалаар 10 тэрбум ам.долларын гэрээ байгуулна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Ли Хуэйлай ‘Си Жиньпины энэ удаагийн айлчлалаар ОХУ болон БНХАУ эдийн засгийн чухал хэлэлцээ хийнэ, мөн Засгийн газрын түвшин хамтын ажиллагааны арав гаруй баримт бичигт гарын үсэг зурна. Хоёр тал нийтдээ 10 гаруй тэрбум ам.долларын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа дээд түвшинд хүрнэ” гэж мэдэгдэв.

Харин судлаач Маслов хоёр улсын сайд нарын түвшинд хэлэлцэгдэж байсан худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэлэлцэгдэж байна. Тодруулбал, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах асуудлыг хэлэлцэнэ гэж тодотгожээ. 

Харин судлаач Васильев “Орос, Хятадын хамтын ажиллагаа БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” төсөлд оршино. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Орос руу татахад нөлөөлөхөөс гадна Орос болон Евроазийн эдийн засгийн холбооны улс орнуудын нутаг дэвсгэр дээр тээврийн дэд бүтцийн өндөр технологийн обьектууд баригдахад хүчтэй нөлөөлнө. Иймээс энэ хүрээнд хөрөнгө оруулалтын хэд хэдэн хэлэлцээ байгуулагдана” гэжээ. 

Мөн судлаач Маслов  “Хоёр улсын төрийн тэргүүн нар “Москва-Бээжин” төмөр замын төслийг хэлэлцэхээс гадна Екатеринбург болно Челябинск хоорондын замын бүтээн байгуулалтыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Энэ зам нь хоёр талын худалдаа болон зорчигч тээврийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй’ гэв.  Гэхдээ Орос бол Хятадын төслийн албан ёсны оролцогч биш, бид Евразийн эдийн засгийн холбооны түвшинд хамтран ажиллахыг санал болгож байгаа. Энэ нь Орос болон Хятад өргөн асуудлын хүрээнд хамтран ажиллах боломж юм” гэдгийг тодотгов.

Асуудлын үнэ цэнэ

ОХУ болон БНХАУ-ын хамтын ажиллагааны чухал чиглэл бол эрчим хүч. Орос эрчим хүчний зах зээлээ төрөлжүүлэхээс гадна Сибирь, Алс Дорнод дахь дэд бүтцийн том төслийг хэрэгжүүлэхийн тулд БНХАУ-тай энэ чиглэлд яриа хэлэлцээ хийж байна. Энэ нь Хятадад ч гэсэн ашигтай. Үүний тулд, Орос эрчим хүчний аюулгүй байдлаа хангах ёстой гэв.

“Якутаас байгалийн хий нийлүүлэх “Газпром” болон БНХАУ-ын хамтын төсөл 2017 онд дуусч байна. Хятадын зах зээл рүү “Сибирийн хүч” төслөөр байгалийн хий нийлүүлж эхлэх тодорхой он сар өдрийн тухай хоёр тал тохиролцоонд хүрсэн. Бид одоо тодорхой деталь дээр ажиллаж байна.  БНХАУ-д хамгийн ойрын хугацаанд байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер хэлэв.

Мөн тэрбээр “Энэ  асуудлыг Си Жиньпин болон Путины энэ удаагийн уулзалтаар шийднэ. Учир нь Орос улс өөрийн үүргээ биелүүлсэн. Бид оросын нутаг дэвсгэрээр өнгөрөх хийн хоолойн бүтээн байгуулалтын  ажлыг гүйцэтгэж дууссан. Өнөөдөр гол асуудал нийлүүлэлтийн үнийн тухай ярих хэрэгтэй” гэв. Харин судлаачид Хятадын зах зээл өөрчлөгдсөн. Тэдний эрчим хүчний бүтээгдэхүүн хэрэглээ багасч байна. Иймээс энэ чиглэлд Орос хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хайх хэрэгтэй гэж зөвлөж байгаа ажээ.

Олон талт хамтын ажиллагаа

“Их-20”-ын Дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Сири, Ойрх Дорнод, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгт үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа нэгтгэнэ гэсэн хүлээлттэй байна.

Мөн БНХАУ “Их-20”-ын дээд хэмжээний уулзалтыг ашиглан өөрийн төслөө нэг шат урагшлуулах хүсэлтэй байна. Үүний тулд Оросын дуу хоолой Хятадад чухал. Иймээс хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагааны чухал баримт бичигт гарын үсэг зурж, байр сууриа нэгтгэнэ гэж судлаачид үзэж байгаа ажээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж