Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, олны нэрлэж заншсанаар авто сургуулийн автобусны буудлын орчимд оршин суух иргэд хоёр дахь жилдээ цагаан тоосон дунд амьдарч байна. Орчин тойрон ч авах юмгүй, ухсан нүх, овоолсон шороо. Хог новш хөлөөр нэг хөглөрнө.
Уг нь Толгойтын гүүрээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэлх замыг шинэчлэн барихад 500 орчим метр газрыг хамарна. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сараас замын ажил эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дээрх газрын авто зам баригдаагүй нь газар чөлөөлөлт саатсантай холбоотой болохыг Нийслэлийн Авто замын газрын холбогдох албаны хүн онцоллоо.
Нийслэлийн газар чөлөөлөлт, өргөтгөл хариуцсан мэргэжилтний тайлбараар бол дээрх авто замыг барих траст “Чингис соосэ” сургууль“, Шатахуун түгээх станц, мөн хоёр давхар тоогон зочид буудлын газар хамаарчээ.
“Чингис соосэ” сургууль өнгөрсөн тавдугаар сард газраа татаж, авто зам барихад саадгүй болгож өгсөн бол нэр дурдсан хоёр газар одоог болтол газраа татаагүй байгаа юм. Жилийн өмнө газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч өнөөг хүртэл ямар ч ажил хийгээгүй аж.
Иймээс гүйцэтгэгч компани болох “Тотал инж” Толгойтын гүүрээс Шөнийн зах хүртэлх авто замын хашлагыг бариад цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, ажлаа түр зогсоожээ.
Ирэх бямба гариг буюу долдугаар сарын 8-нд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ дээр нэр дурдсан хоёр аж ахуйн нэгж газраа татаагүй нөхцөлд авто замын ажлыг гүйцэтгэхэд бэрхшээлтэй. Зам тасарч, чанаргүй баригдах нөхцөл бий болдог тухай авто замын мэргэжилтэн онцолсон юм.
Нийслэлийн газар чөлөөлөлт, өргөтгөл хариуцсан мэргэжилтний тайлбараар бол шатахуун түгээх станц 11 метр, хоёр давхар зочид буудал нь 6.5 метр орчим газрыг тус бүр татах шаардлагатай. Зочид буудлын хувьд өргөтгөлөө буулгахад зам барих боломжтой болох аж.
Газар татах боломжгүй байгаа шалтгааныг нь тодруулах гэсэн боловч зочид буудал түгжээтэй байлаа. Харин шатахуун түгээх станцын хувьд энэ тохиолдолд дөрөвдүгээр худгийг татах шаардлага үүснэ. Мөн шатахуун түгээгүүрээ дотогш татах шаардлагатай болно. Газар доогуур хийгдсэн маш олон ажил бий, тэр бүгдийг дотогш нь татна. Зардал асар өндөр гарах зэргээс шалтгаалж, өдийг хүртэл мэдэгдлийг хүлээж аваагүй бололтой.
Оршин суугчдын хувьд авто замын ажлыг яаралтай дуусгахыг хүсэж буй юм. Учир нь өнгөрсөн жилээс эхэлсэн ажил өнөө жил дахин сунжирч байгаа нь цагаан тоос босохоос эхлээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг хэллээ.
Мөн газраа чөлөөлж, ажил хийх боломжоор хангахгүй байгаа газруудын тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, асуудлыг яаралтай шийдэх арга зам байдаггүй юм уу гэдгийг ч учирлав.
Ийнхүү хоёр аж ахуйн нэгжээс бол зам засварын ажил хоёр жил саатаад байна. Энэ асуудалд хотын болон дүүргийн эрх баригчид анхаарлаа хандуулж, ажиллахыг оршин суугчид хүлээж байна.
Г.ХОРОЛ
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ