Популистуудыг чөтгөр аваг

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Популистуудыг чөтгөр аваг

Японы зохион бүтээгчид ухаалаг хогийн сав бүтээжээ. Та хогоо саванд хаях гэж байгаад санаандгүй гадуур нь унагаачихвал хогийн сав өөрөө хөдөлж, гадуур хаясан хогийг газарт унагалгүй тосч авах чадвартай аж.

Агаарын 30 хэмийн халуун,  улс төрийн халуурал хоёр монголчуудыг галзуурахад ганцхан хуруу дутуу болгож байна. Монгол Улс өмнө  нь зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан ч энэ удаад анх удаа санал хураалт дахихад хүрлээ. Долоо хоногийн өмнө явагдсан анхны санал хураалтаар Х.Баттулга 38.11, М.Энхболд  30.32, С.Ганбаатар 30.19 хувийн санал авсан. “Босоо” Ганбааг санал хуваагч гэж тооцож байснаас сонгуулийг дахих хэмжээнд босоо явна гэж хэн ч тооцоолоогүй. 

Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн саналыг /50+1/ авч ялагчаар тодроогүй тул дараагийн шатны сонгуулийг долдугаар сарын 7-нд явуулахаар товлоод байгаа.

Улс төрийн голлох хоёр хүчин  болох Монгол Ардын нам болон Ардчилсан намын нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн болно. Гэвч долдугаар сарын 7-ноос өмнө хоёр өрсөлдөгчийн дүйвээний хохирогч нь Монгол, монголчууд болох вий гэсэн айдас ч, болгоомжлол ч байна.

Уг нь, Монголын толгой попчинг С.Ганбаатар гэж би хувьдаа дүгнэдэг, түүнийг давах “аварга” байхгүй гэж боддог байлаа. Гэвч, “аваргыг давж аварга” гэгчээр ардчиллыг автораа болгодог Ардчилсан нам зүүнээр түрүүлж гүйгээд С.Ганбаатарыг ганц мэхээр тонгорчихно гэж хэн санах вэ дээ.  Амьд явахдаа Ардчилсан нам коммунист болохыг үздэг, С.Эрдэнийн нам эдийн засгаа хорлохыг хардаг азгүй монголчууд аа, бид.

Албан ёсоор сурталчилгаа хаагдсан ч Монгол Ардын нам болон Ардчилсан намынхан хууль зөрчсөн сурталчилгаагаа үргэлжлүүлсээр. Хэн хэн нь одоо хууль ярьж чадахаасаа өнгөрсөн. Улсаа нураах уралдаанд хэн түрүүлсэн нь Ерөнхийлөгч болно л гэнэ.  Үлдсэн зургаа хоногт уралдаж амлаад, улсаа хорлож, нураагаад байж дээ, АН, МАН-ынхан минь.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд халамж өгөх, тэтгэврийн насыг 48 болтол бууруулж, олон сонголттой үлдээсэн нь иргэдээ бодсондоо ч биш эрх баригчдын хэдэн санал илүү зулгаах гэсэн заль төдий. Эдийн засагт ийм боломж байсан бол МАН анхнаасаа амлалтаасаа ухрах хэрэггүй байсан юм шүү дээ.   

С.Ганбаатарын авсан 30.19 хувь дээр намууд “алалдаж” байна. “Босоо”-г дэмжсэн 409 мянган хүний саналыг авахын тулд Ардчилсан нам 30 гэр бүлийн “толгойг авч”, гурван сая хүний өрийг тэглэхээ зарлалаа. Өргүй Монгол бас үндэсний үйлдвэрлэгчгүй Монгол.

Олон, олон сонгуульд тугаа болгож ирсэн ардчиллын үнэт зүйл, үзэл баримтлал болгон руугаа нулимах Ардчилсан нам. Хувь хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдах Ардчилсан нам. Ямар учраас вэ гэж үү? Цагаан сонголт  хууль бус гэж ардчиллыг өмчлөгч Ардчилсан намын дарга гуай яриад сууж байна. Хэрэвзээ энэ намд эрүүл саруул ардчилагч үлдсэн бол С.Эрдэнийн гараас намаа авч, аварч хайрла.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамгийн эрхэм үүрэг бол улс орныхоо эв нэгдлийг хангах.  Улсын цол хэргэм, одон медалиар шагнах, уучлал үзүүлэх зэрэг бол дараагийн асуудал.  Төрийн тэргүүний эрх үүргийн хүрээнд Ерөнхийлөгч Засгийн газартаа чиглэл өгөх, хууль санаачлах эрхтэй нь үнэн.

Гэвч, гурван сая хүний өрийг дарах, төгрөг хэвлэх, бодлого боловсруулах эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаггүй юм. Монгол Улсад ганцхан хүн л төгрөг дээр гарын үсгээ зурдаг. Тэр нь Монголбанкны ерөнхийлөгч.

Уг нь Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаагаас Монголбанкны ерөнхийлөгчид өрсөлдөөгүй байлтай. 

Энэ мэтчилэн С.Ганбаатарын үлдээсэн саналыг авахын тулд  АН, МАН-ынхан аргаа барахдаа хэн нь илүү попчин бэ гэдгээрээ “уралдаж” байна. Өмнө нь хэн нь илүү хулгайч, хэн нь илүү луйварчингаа тодруулаад дууссан хүмүүс.  Эцэст хэлэхэд долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол уриа популистууд, луйварчид дээшээ, баялаг бүтээгчид доошоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж