Үндсэн хууль ба Цэцийн гишүүдийн байр суурь

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль ба Цэцийн гишүүдийн байр суурь

Тус зөвлөлийнхөн хэвлэлийн хурлаар 2013 оныг Авлигын эсрэг жил болгох саналтай байгаагаа илэрхийлж байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах оролдлого өмнө нь олон удаа хийгдэж байсан. Энэ удаагийн парламент мөн адил Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн манаач гэгддэг Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс байр суурийг нь сонслоо.


Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал урьд өмнөх үеэс илүү өргөн хүрээнд яригдаж байна. Сүүлийн үед Үндсэн хуулийг тогтвортой байлгах зорилго дэлхий нийтэд түгээмэл болжээ. Үндсэн хуулийг шаардлагагүй, дордуулсан нэмэлт, өөрчлөлтөөс хамгаалах үүднээс “Үндсэн бүтцийн номлол”-ын зүг хэдийнэ эргэсэн байна. Манай Үндсэн хуулийн үндсэн бүтцийг тусад нь хууль гаргах замаар тогтоосон хэдий ч энэ арга замаар үндсэн бүтцээ бий болгосон улс, орон тун цөөн байна.

Олон улс орон үндсэн бүтцийн суурь зарчим болон заалтыг Үндсэн хууль дотроо, өөрт нь тусгасан байгаатай харьцуулж үзвэл манай Үндсэн хуулийн үндсэн бүтцийг бие даасан хуулиар тогтоосон. Үндсэн бүтцийг энэ шилжилтийн шинж нь түүнийг хэврэг, парламентаас хийж болох нэмэлт, өөрчлөлтөд амархан өртөмтгий болгожээ. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж үл болох дөрвөн заалтыг хассан үйлдлээр нотлогдож байна. Тиймээс Үндсэн хуулийн үндсэн бүтцийг голлох цөөн хэдэн зарчмын хувьд томьёолон, тусгай заалт болгон Үндсэн хуульд тусгах нь зүйтэй байна. Учир нь үндсэн бүтцийн номлолын нэг зорилго бол парламентын зүгээс учирч болох улс төрийн шинжтэй халдлагаас Үндсэн хууль, түүний үндсэн бүтцэд гэмтэл учруулах юм уу, дордуулах шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг хязгаарлах учиртай юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг:

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд би хоёр санааг дэвшүүлмээр байгаа юм. Нэгдүгээрт, Монгол Улсад хүний үндсэн эрхийн бүхий л төрлийн зөрчлийг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэдэг болох тал дээр хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой түвшинд ойлголцох шаардлага байна. Хоёрдугаарт, ямар үр дүн гарахаас үл хамаарч хүний үндсэн эрхийг тухайлан хамгаалах талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох алхам хийх шаардлагатай.

Гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцан:

-Албан тушаалтнуудын ашиг сонирхол зэрэгцэж байгаа энэ нийгэмд иргэдийн үндсэн эрхийг хамгаалах, Үндсэн хууль ёсыг сахин биелүүлэх нь амар ажил биш. Зарим нь улс төрийн болон амин хувийн явцуу ашиг сонирхолдоо нийцүүлэн Үндсэн хуулийг гуйвуулан тайлбарлаж байна. Мөн албан тушаалтнууд Үндсэн хуулийг гажуудуулах тохиолдол гарсаар байна. Ийм зөрчлийг Үндсэн хуульт ёсны үүднээс хамгаалж, таслан зогсоох үүрэг бол Үндсэн хуулийн цэцэд хадгалагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж