Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эх бичвэрийг хүлээн авах ёслол өнөөдөр /2017.07.03/ боллоо.
Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын удирдлага, хяналтын прокурорууд болон харьяа аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, ахлах прокурор хяналтын прокурор, ажилтнууд цахимаар холбогдож тангараг өргөсөн юм. 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар батлагдсан прокурорын тангаргийг шинэчилсэнтэй холбогдуулан шинэ тангарыг прокурорын байгууллагын хамгийн ахмад ажилтан дуудаж, сонордуулсан юм.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсантай холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон учраас ийнхүү прокурорын тухай хуулийг шинэчлэн баталжээ. Шинэ хуульд үйл ажиллагааны зарчимд ил тод нээлттэй байх зарчим шинээр хуульчлагдсан, прокурорын үйл ажиллагаанд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөхөөс гадна шинээр зөрчлийн хэрэг бүртгэлт хяналт тавих, мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих хяналт шинээр нэмэгдсэн, гадаад улс орнуудтай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах, шийтгэгдсэн хүнийг шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах ажиллагаанд прокурорын байгууллага төв байгууллага байхаар анх удаа хуульчилсан байна.
Хууль хэрэгжиж эхэлснээр прокурорын байгууллагын тогтолцоо боловсронгуй болох, хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн ахиж дэвшил гарч, хүний эрх, арх чөлөө хамгаалагдах, эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх ажлын чанар, энэ чиглэлийн хууль хэрэгжүүлэх байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах гэх мэт эерэг үр дүн гарна гэдгийг онцоллоо.
Ш.ОЧ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ