“Эмээлт” зах дахь хонины найр

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

“Эмээлт” зах дахь хонины найр

“Эмээлт” зах дахь хонины найр

Үндэсний их баяр наадам болоход долоо хоногийн хугацаа үлджээ. Нийслэлийн иргэд баяр ойртмогц ойр гэсэн зах, худалдааны төвөөс хонь авах нь элбэг байдаг. Үүнтэй холбогдуулж хотоос 30 гаруй километрийн зайд байрлах “Эмээлт” малын худалдааны төвийн нөхцөл байдалтай танилцлаа.

Биднийг очиход /2017.07.01/ захын хөдөлгөөн энгийн үеэс илүү, малчид болон худалдан авагч нарын хөлд дарагджээ. Төлөг 70-80 мянган төгрөг, эр болон эм хонь 140-150 мянган төгрөгийн ханштай зарагдаж байна. Захын дийлэнх хувь нь өөрсдийн малаа зарж буй малчид байх бөгөөд байнгын наймаа эрхэлдэг 10 гаруй ченжтэй аж.

Төв аймгийн Лүн сумын малчин Ц.Хүрэлтогоо 1000 гаруй малтай. Наадмын өмнө хонь сайн зарагддаг тул хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийхээр зарж байгаа талаар ярьж байлаа. Тэрбээр “Анх удаа өөрийн биеэр зарж байгаа учраас туршлага тааруухан байна. Хоёр хүүтэй, нэг хүү маань оюутан болохоор сургалтын төлбөрийг нь хийх гээд л сууж байна. Төлбөр нь бараг гурван сая төгрөг юм байна. Тээврийн мөнгөнд 300 гаруй мянган төгрөг, бараг хоёр хониор ирдэг. Өнгөрсөн жил нэг хонь бараг 120 мянган төгрөг байсан байх шүү. Энэ жил үнэ харьцангуй өндөр байх шиг байна” гэлээ.

“Эмээлт” зах 70 гаруй малын хашаатай. Энэ мэтчилэн наадмын өмнө эрэлт сайн үед малаа мөнгө болгох гэсэн малчид, ченжүүд “Сайн яриад өгнө шүү, шилээд сайныг нь ав” гэх мэтчилэн зөрсөн хүмүүст хонио магтана.

Харин ченжүүд нэг хониноос 10 мянган төгрөг унагадаг талаар ярьж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн иргэн Б Дундговь аймгаас мал худалдан авч, “Эмээлт” захад борлуулдаг аж. Тэрбээр малчдаас нэг хонийг 120 гаруй мянган төгрөгөөр авдаг бөгөөд тээврийн зардалд нэг хонинд 8000 төгрөг төлж ирдэг байна. Ингээд “Эмээлт” захын хашаа түрээслэх нэг өдрийн төлбөр 10 мянган төгрөгийг бодож үзэн, 150 мянгаар нэг хонио үнэлдэг аж.

“Эмээлт” малын худалдааны төв үйл ажиллагаагаа явуулаад 4 жил хагасын хугацаа өнгөрчээ. Энгийн үед 30-40 гаруй иргэд малаа зардаг бол баяр наадмын өмнө 200 болтлоо өсдөг байна.

Тус захын захирал Л.Баттунгалаг “Захын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Энэ салбарт удаан ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд малчид, ченжүүдээ өмөөрмөөр байдаг юм. Дөрвөн улирал зогсолтгүй малаа үржүүлж, тордож байж нэгийг нь 100 гаруй мянган төгрөгөөр зарна гэдэг хэцүү санагддаг. Энэ жил малын үнэ нэмэгдсэн зүйл бараг байхгүй. Махны үнээ дагаад л өсч, буурдаг юм. Үнэ нэмэгдлээ гэхэд ченжүүдийн буруу ч биш, улс орны эдийн засагтай шууд холбоотой салбар шүү дээ. Өнөөдөр нэг хонь энэ хэмжээний үнэтэй байгаа нь малчдын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж доогуур байгааг харуулж байгаа юм” гэсэн хариулт өгч байна.

Захын ажилчид үнэ нэмэгдсэнийг эрс үгүйсгэж байсан ч зарим нэг малчид энэ жил үнэ нэмэгдсэн талаар дурьдаж байлаа. Үндэсний их баяр наадам болохоос цөөн хоногийн өмнө худалдан авагчид нэмэгддэг тул “Эмээлт” захыг зорих малчдын тоо өссөөр байна. Үнэ огцом өсч магадгүй гэсэн зарим иргэд эртнээс хонио шилж сонгон үйлчлүүлэх болжээ.

Г.ТҮШИГ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж