Улсын наадмын унхиагүй комисст

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Улсын наадмын унхиагүй комисст

Улсын наадмын унхиагүй комисст

Байсхийгээд л утас хангинана. “Наадмын тасалбар мэдээрэй…” л гэсэн хүмүүс. Жилийн жилд л ийм эрэлд гарч, сурагладаг. Энэ жил Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойн их баяр наадам болно.

Хүн гүрнээс эхлээд Монголын их түүхээр нэвт амьсгалсан өнгөрсөн жилийн наадмын нээлт монголчуудыг талархлыг хүлээсэн ч болохоор тэр үү, энэ жил Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатараас наадамчид илүү ихийг хүлээн суугаа.

Харин жилийн жилд ёс юм шиг хийж, жам юм шиг зүхдэг нэгэн ажил нь наадам, сар шинийн барилдааны тасалбарын шаг. Бөхдөө хайртай монголчууд наадмын нээлтийг дэргэдээс нь үзэх гэж нээлтийн билетэд өнгөрсөн жил гэхэд л 100 мянган төгрөг зарцуулах нь энүүхэнд байлаа. Өөр ямар ч спортын тэмцээн, шоу болсон монголчууд наадмын нээлтийн тасалбар шиг хошуурдаггүй. Хүсэвч хясна гэгчээр тасалбарыг нь харин хэдэн ченжүүд аваад дамлана. Амандаа багтсан үнээ хэлээд элдэвлэж суудаг болсон. Дараа жилийн наадам даан ч хол байна даа гэсээр асуудалд анхаарлаа хандуулна гэж наадмын комиссынхон хэлдэг ч бахь байдгаараа. Энэ удаад ч наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд Соёлын төв өргөөний кассаар борлуулах гэнэ.

Яагаад онлайнаар худалдчихаж болдоггүй юм бэ гэсэн асуултад “Наадмын тасалбарыг онлайнаар худалдахад хүндрэлтэй зүйл байгаа тул өмнөхийн адилаар кассаар худалдаална” гэснээр өөр дөмөгхөн хариулт олдсонгүй. Төсөв мөнгө гаргаж хийдэг төрийн ганц их баяр наадмынхаа тасалбарыг онлайнаар худалдчих тэнхээ энэ удаад ч дутжээ.

Сар шинийн барилдаан ч ялгаагүй “Тасалбар авна гэдэг чинь алаан байхгүй юу л’ болдог.

НӨАТ-ыг онлайнаар авч болоод байхад нэгхэн удаа зарагдах наадмын тасалбараа шагчдаас хамгаалаад онлайнаар худалдчих чадахгүй гэнэ.

Гэтэл манайд үзвэр үйлчилгээний тасалбарыг онлайнаар худалдах үйлчилгээ асар хурдацтай хөгжсөнийг “Өргөө” кино театрын борлуулалт харуулна.

Хамгийн сүүлийн жишээг авахад “Трансформэс” кино өнгөрөгч сарын 23-нд Монголд нээлтээ хийсэн. Интернэт захиалгаа 14 хоногийн өмнөөс авч эхэлсэн бөгөөд “IMAX” танхимын тасалбар 42 хувь, энгийн 3D танхимын тасалбар 58 хувь зарагджээ. Харин “Сарыг хулгайлах төлөвлөгөө” киноны нээлт зургадугаар сарын 30-нд болжээ. Нээлт хийхээс 7 хоногийн өмнө IMAX  танхимын тасалбарын 62 хувь, энгийн танхимын тасалбар 68 хувь зарагдсан гэж маркетингийн албаныхан нь хэлж байна.

Нийт тасалбарын борлуулалтын хэдэн хувийг онлайн захиалга эзэлдэг талаар тодруулахад, дунджаар 48-52 хувь нь гэх хариултыг өгч байна.

Ажилдаа нухлагдаад, тармагцаа түгжрэл дунд тасалбар авахаар кино театрыг зорьж цаг, заваа алдахгүйн дээр оочирлохгүй, дуусчих вий гэж санаа зовохгүй хамгийн хялбар үйлчилгээ бол онлайн үйлчилгээ. Тиймээс иргэдийн 50 гаруй хувь нь кино театрт кино үзэхдээ тасалбараа онлайнаар захиалаад байна гэсэн үг.

Технологийн эрин зуун гэгдэж буй энэ цаг үед манай наадмын комисс нэг кино театрын маркетингийн албанаас дулимаг байна байна. Улсын наадам шүү дээ. Үнэндээ урагшгүй түшмэд гэхээс өөр хэлэх үг алга.

Сонгуулийн өдөртэй зэрэгцүүлээд наадмын тасалбарын “алаан” болох нь.

Өөрсдөө чаддаггүй юмаа гэхэд хувийн хэвшилд эрхийг нь өгөөд, наадмын тасалбараа онлайнаар худалдвал яасан юм бэ? Ядаж зүдэх юмгүй хийгээд өгнө.

Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг дээ. Ганц тасалбар онлайнаар худалдаалж чадахгүй бол Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс энэ тэр гэх сүржин нэрээсээ ичиж амьдар. Хар халуунд хөлсөө урсган тасалбарт дугаарлаж зогсохын зовлонг өөрсдөө очоод нэг үзээсэй. Харваж унах вий.

 

Л.ТӨГС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж