УИХ дахь бүлгийн нэр бүхий дөрвөн гишүүн намынхаа даргад хандан зарим
гишүүдийнхээ үзэл бодол, байр суурийг хүндэтгэхийг шаардаж захидал
илгээсэн. Мөн Тавантолгойн оператор компанийн сонгон шалгаруулалт
дөхсөн үед иргэдэд олгох хувьцааны асуудлаар УИХ-ын гишүүн
О.Чулуунбаттай ярилцлаа.
-Тавантолгойн ордоос хувь хүртэх өдөр хэзээ ирэхийг иргэд тэсэн ядан хүлээж байна. Энэ ажил ямар шатандаа яваа бол?
-Тавантолгойн
том баялгийг иргэддээ хувьцаа болгон хуваах нь зөв. Ингэснээр иргэд
тэгш эрхтэйгээр баялагаасаа хүртэнэ гэсэн үг. Гэхдээ энэ ордоо томоохон
баялаг, үнэ цэнэтэй өмч болгож чадаагүй байж тооцооны аргаар Дондогт
5000 ширхэг, Чулуунбатад 5000 ширхэг хувьцаа гэж хуваарилж болохгүй.
Нэгж хувьцааных нь ханш ирээдүйд таван мянган доллар байж болно.Тиймээс
яаравчлах хэрэггүй. Эхлээд түүхий эд, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж
үнэд хүргэх хэрэгтэй. Одоо хувьцааны ханш хямд байгаа үеэр иргэд бусдад
худалдчихвал яагаан хөх тасалбарын түүх давтагдана. Энэ алдааг давтаад
хэрэггүй.
-Энэ оны эхний улиралд багтаан Тавантолгойн хувьцааг иргэдэд олгох ажлыг эхлүүлнэ гэж байсан. Хугацаандаа амжих болов уу?
-Механизмаа
эхний улиралд багтаагаад тохиролцож шийдвэрээ гаргаж болох юм. Түүнээс
биш 1 хувийг нь иргэдэд тарааж өгөх эрт байна. Тэр хувьцаа нь ямар ч
үнэгүй байгаа үед тоон ширхэг хувьцаа тараана. Тэгэхээр нөгөө мөнгөтэй
хэсэг нь эсвэл гадныхан хямд үнээр бүгдийг цуглуулчихна.
-Энэ том ордын хувьцааг иргэдэд олгох ажлыг хийхэд брокерын пүүс банкууд бэлэн үү?
-Бэлтгэлгүй
байгаа болов уу. Брокерын пүүсээс гадна банкууд ч оролцоно. Брокерын
пүүсүүдээр дамжуулаад иргэд их хэмжээний мөнгөө алдсан хэрэг гарч
байсан. Үүнээс болж брокероор дамжуулж хөрөнгийн зах зээлийн арилжаанд
оролцох хандлага буурсан. Олон улсын жишигт ч ийт ажлыг хөрөнгө
оруулалтын банкууд нь хийдэг болсон. Мөн манай зарим банкууд хөрөнгө
оруулалтын зөвшөөрөлтэй болсон байгаа. Тэднээр дамжуулаад иргэд хувьцаа
худалдаж авч болно.
-Хувьцаа гаргана гээд л байдаг. Таны
хэлж буйгаар брокерын пүүс, банкууд бэлтгэлгүй байгаа бололтой.
Тэгэхээр хувьцаа гаргахад хамгийн түрүүнд юу ч шийдэх ёстой вэ?
-Хамгийн
түрүүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийнхаа нүүрсний уурхайг ажилд
оруулж, экспортлох хэрэгтэй. Ингэхээр Тавантолгойн орд, төсөл маань
үнэтэй болно. Өнөөдөр нэг миллиард ам.доллар гэж баримжаагаар үнэлж
болно. Бүтээгдэхүүн гаргаад эхлэхээр жилдээ дөрөв, таван миллиард
ам.долларын бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй явахад тэр хэмжээгээр
орлого нэмэгдэнэ. Монгол Улсад орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Би саяхан
сонгон шалгаруултад оролцож байгаа нэг консерциумынхантай уулзлаа. Тэд
жилдээ 100 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй явж байна. Тэгвэл
хамгийн багаар бодвол 5-6 миллард ам.доллар. Ингэж чадвал энэ компанийн
IPO- гийн нийт үнэ нь 70-80 миллард ам.доллар болох боломжтой.Энэ
үнэлгээний талыг нь зах зээлд гаргалаа гэхэд монголчууд 30-40 миллард
ам.доллартай болох боломж харагдаж байна. Гэхдээ энэ нь нөхцөлийг
ирээдүйд бий болох байдлыг төсөөлж хэлж байна. Ийм өндөр үнэ хэрэх
боломжтой обьектоо бид сайтар үнэ хүргэх хэрэгтэй.
-Хувьцааны дансыг иргэн бүрт нээсэн байх ёстой. Энэ ажил эхлээгүй нь цаг алдаж байна гэжэдийн засагчид үзээд байгаа?
-Иргэд
хөрөнгө оруулалтын банкуудад дансаа нээлгэх ёстой. Энэ дансаар хувьцааг
нь тоо ширхгээр нь хуваарилах ёстой. Иргэд хувьцаагаа наймаалцаад
эхэлнэ. Хамгийн гол нь юунаас болгоомжлоод байна гэхээр хөх ягаан
тасалбар шиг үнэгүйдүүдчихээд дараа нь гомдоллох вий гэж. Эхний ээлжинд
арилжихгүйгээр олголоо гэхэд л овсгоотой нэг нь хувьцаагаа барьцаалааад
зээл авч эхэлнэ.
-Эрдэнэс Тавантолгойн оператор компани
энэ сарын 27-нд тодорно. Сонгон шалгаруултад олон улсын жишигт хүрсэн
нэр хүнд бүхий комданиуд орж байгаа болов уу. Танд ямар мэдээлэл байна.
-Олон
улсад нэр хүндтэй томоохон хоёр консерциум оролцож байгаа. Манай улс
геополитик, эдийн засаг, зах зээлийн бодлогоо сайн тооцоолж байгаад
шийдвэр гаргах байх гэж найдаж байна.
-"Энержи ресурс"-ын
IPO-гийн хувьцааны ханшийг харж байж "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны
ханшийг тогтоох тухай ярьж байна. Ингэж болох уу?
-Энержи
ресурсын хувьцааны ханш яагаад сайн байна гэхээр IPO хийхээс өмнө
хятадын зах зээл рүү 5-6 сая тонн нүүрс гаргаж чадсан. Энэ нь ажиллаж
чадаж байна гэсэн үг. Үүнд нь зах зээл итгэж хувьцааг нь ач байна.
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг гаргалаа гэхэд экспорт хийгээгүй,
ажиллагаа нь жигдрээгүй болохоор хөрөнгө оруулагчид итгэл муутай, үнэд
хүрэхгүй. Тэгэхээр бид одоо гадаадын биржид хувьцаа гаргах цаг биш.
Эхлээд зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулаад уурхайгаа амь оруулах
хэрэгтэй. Одоогоор хувьцаа нь ямар ч үнэгүй байгаа болохоор иргэдэд
олгох хувьцааг үнийн дүнгээр бус ширхэгээр нь бодож олгох хэрэгтэй.
-Ганц
Тавантолгой бус дэлхийн зах зээлд хувьцаагаа арилжиж байгаа бусад
ордуудаас иргэдэд хувь хүртээх үү. Төрийн мэдэл ямар хэмжээгээр байгаа
вэ гэж иргэд сонирхож байгаа. Бусад ордуудаас иргэдэд хувь хүртээж болох
уу?
-Дэлхийн зах зээлд хувьцаа борлуулж байна гэдэг
мөнгөтэй болчихлоо гэсэн үг биш. Борлуулсан хувьцааныхаа хэрээр энд
байгаа төсөл нь хэрэгжиж улсад татвараа төлж эхэлнэ. Цахилгаан эрчим хүч
авна, зам тээвэр, хүнс хэрэглэнэ, ажиллах хүч авна. Тэр хэмжээгээр улс
орон мөнгө олно. Гэтэл манайхан хувьцааг нь авах тухай бодоод байна.
-Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахад цаг алдаад байна гэсэн шүүмжлэл байна. Ингэснээр зах зээлээ алдах аюултай юу?
-Тавантолгойн
ордыг аль болох хурдан гүйлгээнд оруулах хэрэгтэй байна. Хятадын зах
зээлд байр сууриа эзэлж авах нь чухал. Тэд бидэнгүйгээр амьдарч чадаж
байна. Ийм том зах зээлийг ашиглаж чадаргүй бол бидний хохь. Энэ бол
алтан боломж. Ийм гоё төслийг мөнгө болгож эргэлдүүлж байж ирээдүй минь
боловсролтой, өрсөлдөх чадвартай болно. Бид монголчуудынхаа төлөө
амьдрах ёстой биз дээ.зарим хүмүүсийг харахаар бид ганцхан хөрш улсынхаа
эсрэг амьдрах гээд байгаа юм шиг харагддаг. Бид хүний эсрэг бус
өөрсдийхөө төлөө амьдрах хэрэгтэй.
-МАН-ын УИХ дахь
бүлгийн нэр бүхий дөрвөн гишүүн МАХН гэсэн нэрээ авч үлдэх гэсэн бусэд
гишүүдийг хэтэрхий дайрч доромжилж байна. Бусдын үзэл бодлыг
хүндэтгэхгүй байна гэж намынхаа даргад хандаж захидал илгээлээ. УИХ дахь
бусад гишүүд ч байр сууриа илэрхийлж эхэллээ. Та ямар бодолтой байна?
-Намын
26 дургаар их хурлаас хойш ийм байдал ажиглагдаж байна. Нэр бүхий
дөрвөн гишүүн үүнд санаа зовж намын даргад захидал илгээсэн нь зөв
хандлага гэж бодож байгаа. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна.
Өрсөлдөгч нам ч хамаагүй хүн бүрийн үзэл бодлыг хүндэтгэдэг байх ёстой.
Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө дээрэлхэж, шахалт үзүүлж
болохгүй. Нам гэдэг зөвхөн үзэл бодлоороо дийлэх ёстой. Манай нам зөв
шударга бодлого тодорхойлоод түүнийгээ биелүүлж чадвал олон түмний
хүндэтгэл хүлээлээ. Зөв бодлогын эхлэл нь намын гишүүд иргэдэд, нийгмийн
бүхий л давхаргынханд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
-Ц.Шинэбаяр
нарын гишүүд МАХН-даа үлдэнэ. Намынхаа нэрийг сэргээнэ гэж байгаа.
Гэтэл Улсын бүртгэлийн газраас нэрийг нь өгөхгүй байж, МАХН гэж товчилж
болох нэрийн 90 гаруй хувилбарыг МАН-ынзалуучуудад өгсөн байна. Ийм байж
болох уу?
-Би үүнийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ намын
нэр хүнд, ард түмнийхээ итгэлийг авах эсэх нь нэрнээсээ шалтгаалахгүй.
Хамгийн зөв шударга бодлого тодорхойлоод амжилттай биелүүлж чадвал ард
түмний дунд нэр хүндтэй, хүндлэгдэж явна.
-Тэгэхаар МАН жижиг зүйлээр оролдож, айгаад байна уу?
-Харин тийм. Тоохгүй байх хэрэгтэй.
-МАХН, МАН гэж хоёр нам бий болохоос айж байх шиг. Намаа хоёр хуваахгүйн төлөө ийм алхам хийгээд байна уу?
-Үүнийгээ
МАН болохоосоо өмнө бодох ёстой байсан юм. Нэгэнт бодчихсон, шийдвэрээ
гаргасны дараа тайван шударга, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
-Намрын
чуулган ирэх сарын 10-нд завсарлана. Үлдсэн хэд хоногт шийдвэрлэх ёстой
чухал асуудал олон байгаа. Нэн түрүүнд Тавантолгойн. Ингэж байгаад
цагаан сарын өмнө бас л хуудуутай шийдэх юм биз?
-Хэт сонирхлын зөрчилд хөтлөгдөөд шийдвэр гаргавал дараа нь гарах үр дагавар нь хортой.