Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр хувийн хэвшлийн түншлэл гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжих зорилт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд санаачлагыг гаргаж, Засгийн газарт чиглэл үүрэг өгч, дэмжин төслийн шилдэг санаа, зураг төсөл шалгаруулах уралдаан зарлагджээ.
Монголын өмнөө барьдаг Олон улсын уралдаан тэмцээнээс олон шагналтай, шигшигдсэн шилдэг бүтээлчид шилдэг санаа зураг төсөл шалгаруулах уралдаанд баг болж оролцсон байна. Нийт 70 гаруй уран бүтээлч ур ухаанаа уралдуулжээ. Шилдгээр тодорсон уран бүтээлчдийн бүтээл Хэнтий аймгийн Дадал суманд бүтээн байгуулагдах их эзэн чингис хаан аялал жуулчлалын цогцолборт бодит ажил болон хэрэгжих юм байна.
Дашрамд сонирхуулахад “Мянганы суут хүн-Их эзэн чингис хааны аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд 13-р зууны эзэнт гүрнийг байгуулж, улс орнуудыг нэгтгэж нийгмийн хөгжлийг удирдан зангидаж Монгол Улсаа хөгжүүлж байсан түүхэн гавьяаг нь сурталчлан таниулна. Мөн их эзэн чингис хааны төрж өссөн газар нутагт соронзон орны төв цэгийг тогтоож, Монголын нууц товчоонд дурьдагдсан түүхэн үйл явдал болсон түүх дурсгалт газруудыг хамруулсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгон аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах томоохон зорилтуудтай. Цогцолбор байгуулагдах төслийн хүрээнд түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулагдаж, дэлхийн жуулчдыг татах ОУ-ын жишигт нийцсэн өндөр зэрэглэлийн авто зам, онгоцны буудал ч шинээр байгуулагдах төлөвлөгөөтэй юм.
Х.ХУЛАН
Эх сурвалж: www.breakingnews.mn