Хятад ‘Их аян-5’ (Чанжэн-5) гэгдэх пуужин зөөгч хөөргөсөн нь амжилтгүй болсон талаар ‘Синьхуа’ өчигдөр /2017.07.03/ агентлаг мэдээлэв.
Одоогоор бүтэлгүйтсэн шалтгааны тухай тодорхой мэдээлэл байхгүй ба болсон явдлын учрыг тогтоох шинжээчдийн комисс байгуулаад байна.
‘Их аян-5’ зөөгч пуужинг Хайнань муж дахь Вэньчанын пуужин хөөргөх талбайгаас долдугаар сарын 2-ны өдөр орон нутгийн цагаар 19:23 цагт хөөргөжээ. Пуужин зөөгч дэлхий орчмын тойрог замд ‘Шизянь-18’ гэх холбооны хиймэл дагуулыг хөөргөх үүрэгтэй байсан аж. Уг пуужинг өмнө нь 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр анх амжилттай хөөргөж, геостационарын тойрог замд ‘Шизянь-17’ туршилтын хиймэл дагуулыг гаргасан байна.
‘Их аян-5’ пуужин зөөгч нь Хятадын шинэ үеийн хамгийн том бөгөөд хүчтэй нь юм. Түүний өндөр 56,97 метр, үндсэн шатны хэсгийн голч нь таван метр урттай. Пуужин зөөгчийг бүтээхэд 200 гаруй шинэ технологи нэвтрүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР