Сөүл ба Вашингтоны “солилцоо” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сөүл ба Вашингтоны “солилцоо”

Хуучирсан мэдээ: 2017.07.03-нд нийтлэгдсэн

Сөүл ба Вашингтоны “солилцоо”

Энэ нь өмнөх оноос 1808 хэргээр буюу 11,1 хувиар буурсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар Вашингтон хотноо. 2017.07.01

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин удаан хугацаанд түншилж ирсэн, дотно харилцаатай байдаг АНУ-д айлчлал хийгээд өчигдөр /2017.07.02/ эх орондоо ирэв.

Айлчлал үр өгөөжтэй болсон, Хойд Солонгосын асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар нааштай шийдвэрлэх тал дээр АНУ-ын дэмжлэг хүлээх гол зорилгоо биелүүлээд ирсэн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Хариуд нь, Дональд Трампын “манай тал үргэлж алдагдал хүлээдэг” гэж халаглаж ирсэн хоёр улсын хоорондох худалдааны гэрээг эргэн харах, Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн баазыг байрлуулах зардлыг нэмэхээр тохирчээ.

Вашингтон хотод өнгөрсөн пүрэв, баасан гаригт болж өнгөрсөн тэдний анхны уулзалт асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй харилцан итгэлцэл бий болгох, түншлэл байгуулах нэн тэргүүний зорилготой байсан гэж шинжээчид дүгнэж байна. Албан үүргээ хүлээж аваад төд удаагүй байгаа хоёр лидер ирэх хэдэн жилд олон асуудлаар байр сууриа нэгтгэх, хамтран ажиллах шаардлага гарах нь гарцаагүй.

Дональд Трамп хэлэхдээ Мун тэр хоёрын харилцаа “маш, маш, бүр маш сайн” гэв. Уулзалтын үеэр Мун Жэ Ин энэ жилдээ багтааж БНСУ-д айлчлахыг урьсан бөгөөд Трамп ч эргэлзэлгүйгээр урилгыг хүлээн авчээ.

ХОЙД СОЛОНГОС БА АНУ-ЫН ДЭМЖЛЭГ

Хэн хэнийх нь хувьд Хойд Солонгос гэх шийдэж болдоггүй ижил “зовлон”-тойн хувьд хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын гол сэдвүүдийн нэг нь тэр байсан. Хойд хөрштэйгөө найрсаг харилцаатай байж, яриа хэлэлцээрийн шугамаар харилцаагаа эерүүлэхийг эрмэлзсээр ирсэн Мун Жэ Ин хүсэл зорилгодоо, басхүү ард түмэндээ амласан амлалтдаа хүрэхэд нь АНУ-ын дэмжлэг чухал.

Ямартай ч Сөүл Хойд Солонгосын асуудлаар Вашингтоны дэмжлэгийг хүлээхээр болж буй тухай мессежийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд өгч байна. Тэд зөв нөхцөл байдалд Пхеньянтай яриа хэлэлцээг эхлүүлнэ, үүнд хоёр Солонгосын хоорондын хэлэлцээрт Сөүл голлох байр суурьтай оролцохоор хоёр улсын тэргүүн нар тохиролцсон гэж Korea Times мэдээлэв.

Өмнө нь Трамп Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзсан ганцхан тохиолдолд л тэдэнтэй яриа хэлэлцээр хийж боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Харин одоо “дайсагнасан” бодлогоос ухарч, “Хэрэв Хойд Солонгос зөв замыг сонговол цаашид энэ орны гэрэлт ирээдүйн төлөө зогсоход бэлэн” гэж уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “стратегийн тэвчээр” гаргасан он жилүүд үр дүнгүй өнгөрсөн, одоо шийдмэг алхам хийх цаг нь болсон гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн “Хойд Солонгосын дэглэмийн талаарх стратегийн тэвчээр гаргаж байсан нь бүгд амжилтгүй боллоо. Олон жилийн турш амжилт олоогүй явсаар ирсэн. Шуудхан хэлэхэд, одоо тэр тэвчээр барагдсан” гээд, Хойд Солонгост хандан “яаралтай зөв замыг сонгох”-ыг уриалжээ.

Умардтай яриа хэлэлцээрийн зарчмаар харилцаагаа сайжруулах гэсэн өмнөдийн бодлогыг дэмжсэнийхээ хариуд АНУ өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгож байгаа гэж олон улсын шинжээчид хоёр орны тэргүүний уулзалтыг дүгнэн бичиж байна. Товчхондоо бол тэд хэн хэндээ ашигтай “солилцоо” хийжээ. Гэхдээ нэгтгэн дүгнэхэд олон эерэг үр дүн авчрах уулзалт болсныг ч мөн онцлон тэмдэглэж байна.

Харин худалдааны гэрээний асуудлаар Трамп “худалдааны тэнцвэрт байдал бий болгох” шаардлагыг Мунд тавьжээ. Хамтарсан мэдэгдэлд тэд хоёр улсын хооронд илүү өргөн хүрээг хамарсан, тэнцвэртэй, харилцан ашигтай худалдаа хийх тухай дурдсан байна.

Дональд Трамп, Мун Жэ Ин нарын уулзалтаар яригдана гэж байсан THAAD системийн асуудал харин хөндөгдсөнгүй. Мун Жэ Ин АНУ-ын Конгрессын гишүүд, Засгийн газрын албаны хүмүүстэй уулзах үеэр пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD системийг Өмнөд Солонгост байрлуулах нь аюулгүй байдлыг хангах зорилготой гээд, өмнөх удирдагч нарын байгуулсан THAAD-ыг суурилуулах гэрээ хэлцлээс ухрахгүй гэдгээ илэрхийлжээ.

МУНЫ ДАРААГИЙН ЗОРИЛГО СИ ЖИНЬПИН

АНУ-д амжилттай айлчлал хийгээд ирсэн Мун Жэ Иний дараагийн нүүдэл Хятадын дарга Си Жиньпин. Тэд энэ 7, 8-нд Герман болох “Их-20”-ын орнуудын саммитын үеэр уулзаж магадгүй гэгдэж байна. Хэрэв уулзалтыг товлож чадвал THAAD-ын асуудлаас болоод таагүй байдалд хүрсэн Хятад ба Өмнөд Солонгосын харилцааг сэргээх завшаанд түүнд олдож магадгүй.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн аюул заналхийллээс шалтгаалж, Сөүл цаашид Вашингтон, Токиотой харилцаагаа лавшруулж буй Бээжингээс татгалзаж буй хэрэг биш гэдгийг ойлгуулах нь нэн чухал гэж шинжээчид дүгнэж байна.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-07-03 122.201.31.154

ТӨЛБӨР ТӨЛЖ ӨӨРИЙГӨӨ ЭЗЭМДҮҮЛДЭГ УЛС УУ ГҮЙ ЮУ

Зочин 2017-07-03 202.9.40.56

Трамп тэвчээр дууссан гэж юу гэх гээд байна Юу юугүй Солонгосын хойгт дайн эхлүүлэх гээд байна уу Хэрэвзэ Солонгосын хойгт дайн эхэлвэл сунжирсан цус асгаруулсан бүс нутгийн энх тайван тогтвортой байдал улс төр э з ноцтой нөлөөлсөн дайн болох нь гарцаагүй Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд Вашигтоны өмнөх ерөнхийлөгч Борхүүгийн санаачлан эхлүүлсэн 2 дахь ойрхи дорнот болно Ер нь Хойд Солонгос бол Орос [Хориотой Үг] 2 ын бүс нутаг болоод дэлхий дахинд ашигладаг хөзөр гэдгийг Хангу нар ойлгож л байх ёстойсон Нэг үндэстэнүүд болох Өмнөдүүд Хойдууд харилцан буулт хийж ойлголцож чадахгүй гадаад гүрнүүдын улс төр талцалын тоглоом болж байгаа нь хачирхалтай бөгөөд харамсалтай

Paвcaл 2017-07-03 67.160.120.93

Өмнөд Солонгос гэж өөрийнхөө асуудлыг ч толгой мэдэх эрхгүй царай алдаж суух юм даа Энд тэнд дайны гал ноцоож хэн нь ч ялахгүйгээр удаан хугацаанд үргэлжилж зэвcэг зарж ашиг олдог энэ арга лав л хойд солонгост таарахгүй THAAD байгаад ч өмнөдийг хамгаалахгүй харж л чадна Өнөөдөр хүн төрөлхтөний хамгийн боловсронгуй пуужин эсэргүүцэх систем хаанаас хаашаа харваж чиглэлээ өөрчлөхгүй яваа пуужинг онох магадлал л гэж ярьж байгаа болохоос нэг шумбагчаас нам өндөрт чиглэлээ өөрчилж яваа пуужинг онох нь 0 магадлалтай Бас зуу хүрэхгүй км зайг ганцхан минутанд туулаад байгаа онох олон зуун пуужингаас яаж хамгаалах юм бэ Солонгосын хойгт дайн асвал Монголд шууд нөлөөлнө Зургаан улсын 5 нь манайд хамгийн нөлөөтэй ОХУ БНХАУ БНСУ Япон АНУ 5 улс Нөгөөх нь дүрвэгчид нь хаашаа нүүх юм БНХАУ Монгол хоёр луу ирнэ